Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын ачааллаа дийлэхгүй нхөцөл байдал үүсэж байгаа тул сайн дурын ажилчдыг хүч нэмэгдүүлэх зорилгоор ажиллуулж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мэргэжлийн бус 910 иргэн хариу арга хэмжээнд сайн дураар оролцох боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. Сайн дурын ажилчдын сарын дундаж цалин 800 мянган төгрөг бөгөөд 9 чиглэлээр ажиллах боломжтой аж. Тодруулбал,
- Явуулын лабораторын бүртгэгч /пос машин дээр ажиллах/ -40 хүн
- Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх /тандалт, бүртгэл зэргийг хийнэ, өрх тус бүрт нэг хүн/ -152 хүн
- Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээний багцийг бэлтгэх, өрхөд хүргэж өгөх /өрх тус бүрт хоёр хүн/ - 152 хүн
- Өрхийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө, мэдээллийн ажилтан /өрх тус бүрт хоёр хүн/ - 304 хүн
- Ковид 19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийн хариу арга хэмжээний багийн сэргээх тун, бага насны хүүхдүүдийн тун, бусад давтан тунгуудыг хийхэд зохион байгуулалтыг хийх бүртгэгч, ажиглагч /60 цэгт тус бүр 2 хүн/ - 120 хүн
- Тандалт, эмнэлзүйн багийн жолооч- 40 хүн
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн Call center-т оператор /төвийн 6 дүүрэг тус бүрт 9 хүн, 24/48 цагийн ээлжинд ажиллах/ - 54 хүн
- Явуулын болон суурин шинжилгээний цэгүүдийг бүртгэгч, зохион байгуулагч /цэг тус бүрт нэг хүн/ - 12
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн тандалт, эмнэлзүй, дархлаажуулалтын багт туслах ажилтан - 36 хүн
~Сайн дурын ажилд 910 хүнийг таван сарын хугацаатай ажиллуулахад 3 тэрбум 640 сая төгрөгийг зарцуулна~
Сайн дурын ажилчдыг богино хэмжээний сургалтад хамруулж, ажлыг нь эхлүүлэх аж. Ийнхүү сайн дурын ажилд 910 ажилчдыг таван сарын хугацаатай ажиллуулахад 3 тэрбум 640 сая төгрөгийг зарцуулна гэх тооцоог НЭМГ-аас гаргажээ.
Хэрвээ иргэд цар тахлын хариу арга хэмжээний багт сайн дурын ажил хийхийг хүсвэл дүүргийн шуурхай штаб болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандах боломжтой аж.
Ташрамд дурьдахад, өнөөдрийн байдлаар сайн дурын ажилд "Глобал сан"-гаас 111 хүн ажиллаж эхэлжээ. Түүнчлэн МУЗН-ээс 187 хүн ажиллах ёстойгоос 57.2 хувь нь ажиллаж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн юм.