Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Аравдугаар сарын 15-20-ны хооронд Засгийн газрын хуралдаанаар "Шүгэл үлээгч"-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Дэмжигдвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. "Шүгэл үлээгч"-ийн эрхзүйн байдлын тухай хуулинд хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн эрх ашгийг төлөөлдөг байгууллагуудаас өгсөн саналын дагуу эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрхийг хамгаалах талаар тодорхой бүлэг асуудал тусгагдаж байна.
Мөн төрийн үйл ажиллагааг хэрхэн цахимжуулах, бүтцийг хэрхэн зохион байгуулах, шат дамжлагыг хэрхэн бууруулах, орон тоог хэрхэн хэмнэх, төрөөс олгодог зөвшөөрөл, лицензүүдийн тогтолцоог хэрхэн бууруулах цогц ажлыг хийж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 1-нээс сум дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж дугаарлахгүйгээр газар өвчлөгч нь өөрийн эзэмшил газрынхаа гэрээ, гэрчилгээг шууд цахимд хандаж, QR кодтой хэвлэж авах боломжтой. Хэрвээ хүсвэл тухайн байгууллагад хандаж, үнэт цаасан дээр хэвлэж болно. Шууд цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээг үнэт цаасаар хэвлэсэн адил хүчинтэй байхаар зохицуулалт гарсан. Egazar.gov.mn сайтад хандах боломжтой. Цаашдаа газар олголтыг гурван үндсэн чиглэлээр олгохоор холбогдох хууль тогтоомжид ажиллаж байна.
Нэгдүгээрт, иргэнд олгодог 07 га газрыг үнэгүй олгох, түүнтэй холбоотой төлөвлөлт жилийн өмнө хийгдэж, тухайн жилд үнэгүй олгогдох газрын байршил цахимд нээлттэй болж, иргэд харж байгаад хүсэлтээ гаргадаг тогтолцоонд шилжих,
Хоёрдугаарт, газрыг 07 га газраас бусдыг дуудлага худалдаа болон цахимаар дуудлага худалдаагаар борлуулна. Мөн газрын байршлыш Egazar.gov.mn сайтад байршуулна.
Гуравдугаарт, төр өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой газрыг өөртөө олгож болно" гэлээ.