“Токио 2020” зуны XXXII олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Болортуяа барилдаж, Камеруны бөх Жосеф Эссомбег 14:4 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болсон юм. Түүний хувьд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болж байсан билээ. Олимп, дэлхийн хос медальтан болсон тэрбээр Засгийн газрын тогтоолын дагуу тив дэлхийн олимпт амжилт гарган медаль хүртсэн тамирчдад олгодог мөнгөн урамшууллыг авах эрхтэй болж байна.
Тодруулбал, Олимпын наадмаас алт авсан тамирчдад 4 сая, мөнгө авсан тамирчдад 3 сая, хүрэл авсанд нь 2 сая төгрөгийг сар бүр олгоно. Мөн ДАШТ-ээс алт авсан тамирчдад 2 сая, мөнгө авсанд 1 сая, хүрэл авсанд 500 мянган төгрөгийг сар бүр урамшуулал болгон олгодог юм. Тиймээс олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа сар бүр хоёр сая 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал авна.