Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Цагаан: Олимпт зөвхөн медаль биш, оролцож байгаа нь маш чухал

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
3 минут 24 секунд

“Токио-2020” зуны XXXII олимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр байт харвааны төрөлд манай улсаас Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар өрсөлдсөн ч олимпоо өндөрлүүлсэн.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаантай ярилцсан Токио хотод ажиллаж буй сэтгүүлч Б.Ононгийн ярилцлагыг хүргэе.

-Байт харвааны спортыг хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах ёстой мэт санагддаг вэ?

-Нэг талаасаа төр засаг, ард иргэд, спорт сонирхогчдын хамтын ажиллагаа чухал. Манай байт харвааны холбоо өнгөрсөн дөрвөн жилд орон нутгуудад байт харвааг хөгжүүлэхийн тулд тодорхой ажлууд хийсэн. Хоёр жилийн өмнө баруун таван аймагт бэлтгэл сургуулилт хийх нум сум, багаж хэрэгсэл аваачин сургалт явуулсан. Гэвч сүүлийн хоёр жил нь цар тахлаас үүдэн зарим аймагт хийх байсан сургалт болон бусад ажлууд маань хойшилсон байгаа.

Түүнээс гадна төр засгаас олимпын төрлүүдийн дасгалжуулагчийг бэлтгэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Мөн бэлтгэл сургуулилтын талбайг бий болгохын тулд аймаг сумдын засаг дарга нар анхаарах, хамтран ажиллах хэрэгтэй.

-Улирлын онцлогоос үүдэн манай тамирчид гадна талбайд сургуулилт хийх боломжгүй байдаг. Тиймээс бэлтгэлээ хангахын тулд тамирчдад маань дотор заал хэрэгтэй болдог байх?

-Манай Олимпын хороо санал хураагаад байт харвааны бэлтгэл хийдэг байсан газрыг бидэнд өгсөн. Тухайн газартаа бид Сингапурын архитектуруудаас зөвлөгөө аваад ордон барих төлөвлөгөө гаргасан ч хотын захиргаан дээр очоод гацчихсан байдалтай хоёр жил болж байна. Тэгэхээр манай тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг нь бэлдүүлчихээд их зүйл шаардах хэрэгтэй байх.

Дэлхийн шилдэг эрхий мэргэнүүдийн тоонд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр харваач, мөн паралимпод хоёр тамирчин багтаж байгаа нь үнэхээр бахархууштай. Байт харваагаар хичээллэж буй тамирчид нэг, хоёр жил биш дор хаяж тав, арван жил хичээллэж байж үр дүнд хүрдэг. Үүнд яах аргагүй тэвчээр хэрэгтэй. Тиймээс тууштай байх нь чухал.

- Ердөө гурван жилийн дараа буюу 2024 онд Францын олимп болно. Тэгхээр танай холбооны зүгээс тус олимпын наадамд оролцохдоо ямар бодлого төлөвлөгөө баримтлан ажиллъя гэж бодож байгаа вэ?

-Мэдээж энэ олимпын дараа хуралдаж, хэлэлцэнэ. Тамирчид, удирдлага, шүүгчидтэйгээ ярилцаад арга техникээ төлөвлөх байх. Гэхдээ гол зүйл нь зөвхөн медаль биш шүү дээ. Харин оролцож байгаа нь л илүү чухал. Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдэдээ нум саадаг хийж өгч харвуулдаг байсан болохоор энэ спортын төрөл манай улсад илүү хөгжих бүрэн боломжтой.

“Улз” голд осолдсон иргэний цогцос усанд хөвж байсныг олжээ
“Улз” голд осолдсон иргэний цогцос усанд хөвж байсныг олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.