“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд Монгол Улсын иргэн Саид Моллай барилдаж мөнгөн медаль хүртсэн. Түүнийг шагналаа гардан авч байх үед нэгэн бүсгүй хадаг, сүү барин зурагтынхаа өмнө сууж буй зураг нийгмийн сүлжээнд тархаж, хүмүүсийн хүндлэлийг хүртээд байгаа юм. Иймд зургийн эзэн У.Эрдэнэзаяагаас тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан талаар тодрууллаа.
-Таны хадаг, сүү барьсан зураг сошиалаар их хандалт авлаа. Тухайн мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Би анх удаа олимпын наадмыг ийм тухтай үзэж байна. Учир нь ээлжийн амралт таарсан учраас олимп үзэх боломж гарсан. Өчигдөр “Токио-2020” олимпын наадмын жудо бөхийн 81 кг жинд Саид Моллай Монгол улсын нэрийн өмнөөс оролцоод мөнгөн медаль авсан. Энэ нь бүх Монголчуудын бахархал болсон байх гэдэгт итгэлтэй байна. Би ч бас бусадтай адил их догдолсон. Тиймдээ ч тухайн үед маш их сэтгэл хөөрсөн, баярласан бас нулимс дуслуулсан.
-Олимпын наадмаа их л сэтгэл догдлон үзэж байгаа юм байна. Саид Моллайн барилдааныг ч мөн шимтэн үзэв үү?
-Тийм ээ, шимтэн үзсэн. Хөтлөгч, тайлбарлагч нарын ур чадвар ч маш их нөлөө үзүүлсэн. Чадвартай, мундаг тайлбарлагчид ажиллаж байна лээ.
-Шагнал гардуулах мөчид яагаад хадаг сүү барин зурагтныхаа өмнө суусан юм бол. Маш их хайр, хүндлэл мэдрэгдэж байна лээ?
-Сэтгэл баясгасан сайхан мөч байсан. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэх нь гэж бодсон шүү. Гэхдээ ямар ч спорт харагддаг шигээ байдаггүй. Маш их хүч, хөлс, тэвчээр шаарддаг. Саид Моллай бидний өмнөөс хөлсөө дуслуулсан. Миний чадах зүйл тэрнээс өөр байгаагүй.
-Хүмүүсийн ихэнх нь эерэг сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Бас ганц нэг хүн сөрөг хандлагатай байсан шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Тийм ээ, тухайн үед надад тохиолдсон мэдрэмж тэдгээр хүмүүст бас тохиолдсон хэрэг. Юм болгон хоёр талтай юм чинь тэдгээр хүмүүсийн ч гэсэн зөв байх.
-Хүүгээ зураг дарсан гэдгийг сүүлд мэдсэн үү?
-Хүү маань их гайхсан байх. Ганцаараа инээгээд, алга аа ташаад, орлиод л. Яг тухайн үед хүү маань зураг дараад л байсан. Тэгээд л миний хүү зураг дарж байгаа бол хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэснээр, тэр зураг дарагдсан юм аа.
-Тэр зургийг яагаад нийтлэе гэж бодов? Тухайн үеийн мэдрэмж нөлөөлөв үү?
-Тийм шүү. Тэр үеийн л эмоци нөлөөлсөн. Дараа нь хэрэггүй ч юм хийв үү гэж бас бодсон. Уг нь би сошиал сүлжээнд их идэвхгүй хүн л дээ.
-Та Саид Моллайг ирэхээр сүү хадгаа заавал өгнө гэсэн байсан. Яаж өгье гэж бодож байна?
-Саид Моллайг ирэхээр сүү хадгаа заавал өгнө өө. TV9 телевиз рүү явуулна гэсэн бодолтой байгаа. Эзэндээ хүрэх байх гэдэгт итгэлтэй байна.