Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIFA 3x3: Хувилбартай тоглолт манай багийн давуу тал бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах хамгийн чухал

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 57 секунд

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Дэлхийн шилдэг долоон багийн эсрэг хийх тоглолтын талаар товчхон мэдээллийг 3х3 сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Алтангэрэл өглөө.

"Монголын шигшээ баг түүхэнд анхных гэж тэмдэглэгдэх тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн шигшээ багийн эсрэг хийх юм. Италийн багт дэлхийн аваргын “Үнэ цэнэтэй тоглогч” Раелин Ди Али болон Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли гэсэн дөрвөн тоглогч багтжээ. Дэлхийн аварга болсон бүрэлдэхүүний гурван тоглогч дээр 5х5 шигшээ багийн тоглогч Чиара Сонсолини нэмэгдсэн юм.

Хоёр баг өмнө нь 2019 онд Турины эмэгтэйчүүдийн мэргэжлийн гранпри тэмцээнд учраа тааран тоглоход 13:12 харьцаатай эцсийн мөчид Италийн баг хожиж байсан.

Нурууны өндрийн харьцуулалт дээр манай баг бага зэрэг намхан бөгөөд Италийн багийн Раелин Ди Алигаас бусад гурван тоглогч 182 см-с дээш өндөртэй бол манай багийн хамгийн өндөр тоглогч Б.Солонго 182 см өндөртэй.

Италийн багийн Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли нар манай багийн эсрэг нурууны давуу талаа ашиглан будагтай талбайд илүү тоглолт үзүүлэх боломжтойгоос гадна бүгд шидэлт сайн гүйцэтгэдэг, хурдны хувьд ч муугүй тоглогчид.

Харин Раелин Ди Али бол ямар ч тоглогчийг эсрэг хөнгөхөн тоглочих авьяастай нэгэн. Түүний довтолгоог зогсооно гэдэг маш хэцүү даалгавар. Хурдтай, бөмбөг эзэмшилт, шидэлт сайтайгаас гадна том тулаанд гангарч чаддаг сэтгэл зүй өндөртэй тоглогч.

Монголын багийн хувьд удаан хугацааны турш бэлтгэлээ системтэйгээр маш сайн хангасан. Манай дөрвөн тоглогч довтолгоо боломжийн, хамгаалалтад жигдхэн тоглоно. Манай багийн давуу тал бол хувилбартай тоглолт бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах нь хамгийн чухал.

Бас нэг давуу тал бол эсрэг багийн өндөр тоглогчдыг зайнд гаргаад Раелин Ди Али дээр (163 өндөртэй) өндөр намын зөрүү үүсгэж, будагтай талбайд өндөрүүдийнх нь эсрэг хурдаар илүүрхэн хөл дээр нь ажиллан тоглох боломж бий.

Мэдээж хожих боломжийн хувьд дэлхийн аварга Италийн шигшээ багийн магадлал өндөр. Гэхдээ дасгалжуулагчийн тактик, ур ухаан, тоглогчийн талбайд гаргах шийдвэр, тоглолт ямар байхаас бүх зүйл хамаарна" гэжээ.

Бичлэг: Гарцаар гарч буй иргэнийг мөргөж гэмтэл учруулжээ
Бичлэг: Гарцаар гарч буй иргэнийг мөргөж гэмтэл учруулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.