Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал зугаалгын алтан дүрмээ “Халдвар хамгааллын дэглэм“ болгоцгооё

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
3 минут 9 секунд

Жил бүрийн өдийд наадмын уур амьсгал хэдийнэ орж, догдлол хүлээлт зэрэгцдэг байв. Өглөө эртлэн боссон хүүхэд хөгшид шинэхэн дээлээрээ гангарсаар цэнгэлдэх хүрээлэнг зорьж, сүр жавхлант наадмын нээлтийг үзэж сонирхох мөчүүд наадмын зураглалд буугаастай. Налгар намрын урь, ирэх цагийн өнгийг бэлгэшээж, түүх соёл, өв уламжлалаа дээдлэн эрийн гурван наадмаа төдийгөөс өдийг хүртэл Монгол түмэн тэмдэглэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрсээр буй энэ үед иргэдийнхээ сэтгэл зүйн дархлаагаас илүү биеийн дархлааг нь энэ тэргүүнд тавьсан шийдлийг төр засаг гаргасан билээ.

Наадмын өглөөг угтан хүлээдэг байсан уур амьсгал энгийн өдөр мэт үргэлжлэх нь хачин бөгөөд таагүй. Жил тойруу хугацааны дараа наадмын уур амьсгалыг мэдрэх байх даа гэх бодолд хэн бүхэн сэтгэл дундуур. Гэвч Үндэсний их баяр наадам тэр дундаа ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн тэмдэглэлт өдрийн хугацааг хойшлуулсан ч дэлгэсэн тэрлэг шиг эх орныхоо уудам нутгаар аялж, зугаалах боломж хүн бүрт нээлттэй. Иймдээ ч наадмын үеэр бүх нийтээрээ ес хоног амрах шийдвэрийг Засгийн газар хэвээр үлдээсэн юм.

Агаар салхинд гарч, амралтын өдрүүдэд л авах "эрх чөлөөгөө" мэдрэх хүсэлтэй хүн бүр хөдөө орон нутаг аль эсвэл амралт жуулчны баазыг ч зорьж байна. Энэ байдал цаг ямагт түгжрээнд саатдаг нийслэлийн дүр зургийг утгаар нь эргүүлж орхижээ. Үзүүр нь үл харагдах уртаас урт машины цувааг нийслэлийн төвд биш орон нутгийн замд харах боллоо. Найз нөхөдтэйгөө салхинд гарч, халуун чулуу атгаж, голын усанд шумбан, элдвийг ярилцан суух шиг жаргал хаана байх билээ. Гэвч биднийг хариуцлагатай иргэн байхыг цаг үе маань шаардаж байна. Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээсэн ч энэ нь халдвар байхгүй гэсэн үг огтоос биш билээ. Халдвар авах нөхцөл хаанаас үүсч болох. Иймд зун цагт л мэдрэх эрх чөлөөгөө хэнэггүй зан, хариуцлагагүй үйлдлээр бүү солиорой иргэд ээ. Амралт зугаалгын алтан дүрмээ “Халдвар хамгааллын дэглэм” болгоорой. Ингэхдээ аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөний айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр хоршоо орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг албаныхан сануулсан билээ.

ФОТО: Хөл хорио тогтоосон 12 аймгийн 153 сум
ФОТО: Хөл хорио тогтоосон 12 аймгийн 153 сум
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.