Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн гурван өндөрлөг хачин үйлдэл гаргаж наадамчиддаа “бэлэг барилаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 15 секунд

Өчигдөр \2021.07.09\ Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэллээ. Ийнхүү наадамгүй наадмын урт амралтын өдрүүд эхлэв ээ. Зуун жилийн ой гэдэг наадамчин олны хувьд маш чухал. Тэр тусмаа бөхчүүд, уяачдын хувьд энэ жил юу юунаас онцгой чухал байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал, олон нийтийн шаардлагын улмаас ийнхүү наадам цуцлагдаад байгаа билээ. Харин төрийн наадамгүй жирийсэн урт амралтууд эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хачин үйлдэл гаргаж олон нийтийн гайхширлыг багагүй татлаа. Ингээд тэдний үйлдэл ямар утгатай, чухам юу өгүүлж байгааг товчлон хүргэе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрэнгүй мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд видео мэндчилгээ дэвшүүлэв. Ингэхдээ ташаагаа тулж зогсоод цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Ташаа, сүүжээ тулж зогсоно гэдэг тухайн хүний дээрэнгүй харьцаж байгаагийн илэрхийлэл. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд Ташаан тус газар гараа тавих; б. [шилжсэн] Хэгжүүн, ихэмсэг бардам зан гаргах гэж тайлбарласан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч чухам яагаад ийм биеийн хэлэмжтэйгээр УИХ-д үг хэлэв гэдэг нь тун сонирхолтой байна. Үгийнхээ төгсгөлд “Улсын Их Хурал, Засгийн газар ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгон, цар тахлыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүний хувьд хатуу анхааруулж байна” гэж хэлсэн нь УИХ-ын гишүүдийн эгдүүцлийг багагүй хүргэжээ. Учир нь цар тахал өнөөгийн нөхцөл байдалд хүрэхэд түүний удирдаж байсан Засгийн газар хамгийн их хамаатай. Гэтэл эрх баригч намын тэргүүн, Засгийн газрын тэргүүн байгаагүй мэт асуудлыг өөрөөсөө бултуулж УИХ, Засгийн газарт чигүүлсэн нь ийнхүү таалагдсангүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын соёлыг үгүйсгэж индэрт гарлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын индэр дээр гарч үг хэллээ. Орчин цагийн улс төрийн түүхэнд ийм зүйл өмнө нь тохиолдолж байгаагүй. УИХ-ын дарга буюу Спийкер нь парламентын засаглалтай улсад хамгийн чухал албан тушаалтан гэж тооцогддог. Парламент хөгжсөн Их британи, Голланд зэрэг улсад спийкер нь намаас татгалздаг бөгөөд парламентын танхимд үзэл бодлын мэтгэлцээн явагдахад дэг журам сахиулж төвийг сахьдаг. Ерөнхийдөө парламентын танхимд спийкерийн суудал, гол индэр гэсэн хоёр чухал хэсэг бий. Спийкер ямар ч үед суудлаасаа босдоггүй, гол индэрт хэн гарч үг хэлэхийг шийддэг. Манай УИХ-д ч энэ соёл төлөвшсөн. УИХ-ын ээлжит чуулганы нээлт, хаалт, тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн чуулган гээд ямар ч үед УИХ-ын дарга суудлаасаа босохгүйгээр үгээ хэлж, алхаа цохьдог уламжлалтай. Гэвч төрт ёсны уламжлал, парламентын соёл энэ удаа алдагдав. Гол индэрийг хамгаалж, зохицуулж, төвийг сахин дээрээс нь харж суудаг өндөр сэнтийгээсээ УИХ-ын дарга маань бууж ирээд улс төрийн илтгэл тавилаа. Энэ нь түүнийг улс төрчийн уран илтгэлийн амбицаасаа салаагүй, спийкерийн ажлын мөн чанарыг ойлгоогүй яваа гэж харагдуулж байна..

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмч нараа эрүүгийн хуулиар заналхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж тэдний шаардлагад зарим хариуг өгөв. Цар тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хатуу зарчимтай байх ёстойг сануулсан түүний сануулгыг буруутгах үндэслэлгүй. Гэвч Ерөнхий сайд маань сурсан дадсан ёсоороо битүү, хөтүү заналхийлсэн маягтай мессежийг эмч нарт илгээв. Тэрбээр “Надад тусгай албадын шугамаар орж ирсэн мэдээлэл байгаа. Эмч нарын жагсаалыг өмнө нь эрүүл мэндийн сайд байсан хүн улс төржүүлж байна. Үүнийгээ болихгүй бол нэрсийг нь зарлана, Энэ бол үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх санал гаргана” гэв. Энэ үгээрээ хууль хяналтын байгууллага Ерөнхий сайдын даалгавараар ажилладаг болсон шүү гэдэг санааг илэрхийллээ. Нөгөө талдаа гэмт хэргийн шинжтэй ийм мэдээлэл байгаа бол шууд хууль хяналтын байгууллагад өгөхгүй яагаад харин ч жинхнэнэ улс төржсөн зүйл ярив гэдэг сонин байна. Ер нь л манай Ерөнхий сайд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг нуун дарагдуулж “шаардлагатай бол зарлана” гэсэн тохиолдолд цөөнгүй болохыг дараах бичлэгээс харж болно.

Ийнхүү наадмын өдрүүдийг угтаж төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг, үйлдэл нь жинхэнэ сюрприз байж чадлаа. Ерөнхийлөгчийн дээрэнгүй мэндчилгээ, УИХ-ын даргын парламентын соёлыг үл ойшоосон алхам, Ерөнхий сайд хууль хүчний байгууллагаар ил цагаан далайлгасан эдгээр үйлдлүүд юуг өгүүлж, зөгнөж байна вэ? гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

ЦЕГ, ТЕГ, ТТХГ-ын дарга нарт генерал цол хүртээлээ
ЦЕГ, ТЕГ, ТТХГ-ын дарга нарт генерал цол хүртээлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц