Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй, нөхцөл байдал хүнд байгааг албаныхан онцолсоор буй. Иймд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоогоод байна.
Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ наадмын өдрүүдэд ес хоног амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 10-18-ний өдрийг хүртэл амрах юм. Үүнтэй холбогдуулан нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд хөл хорио тогтоогоод буй аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг холбогдох албаныхан анхааруулсан юм.
Хөдөө орон нутагт зорчиход юуг анхаарах вэ?
Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд шинжилгээ шаардахгүй.
Иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээллийг тус бүрээр нь хүргэж байна.