УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдын цалинг нэмнэ гэнэ. Гэтэл одоо бүгд л улаан бүс боллоо. Улаан бүсгүй газар алга. Тэгэхээр нийт эмнэлгийн эмч, ажилчдын цалинг ярихгүй бол улаан, ногоон гэж ярих боломжгүй болж байгаа юм бишүү. ЭМД-ын сангаас 494 тэрбум гаруй төгрөгийг эрүүл мэндийн салбарт санхүүжүүлнэ гэж байна. Тэр санд чинь ийм мөнгө байгаа юм уу. Зөвхөн ПСР хийхэд 225 тэрбум төгрөг зарцуулах нь. ПСР-даа мөнгө үрж байхаар одоо эмчилгээндээ зарцуулаач ээ"
Сангийн сайд С.Жавхлан "Энэ жил ЭМД-ын санд 1.2 их наяд төгрөг хуримтлагдах ёстой. Үүнээс 580 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр өгч байгаа. Үлдсэн нь ЭМД-ын шимтгэлээр хуримтлах мөнгө юм шүү. Одоогоор зарцуулалт нь дөнгөж 40 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр 494 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийх бүрэн боломжтой"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Улаан, ногоон, шар бүс гэдэг нь халдварт өвчний үед баримталдаг бүсүүдийг хэлдэг. Тэгэхээр үүнийг цаашдаа халдвартай орчинд ажиллаж байгаа гэж ярих нь зохистой байх. Тэгэхээр халдвартай бүсэд ажиллаж байгаа 13016 хүн бий. Бусад нь үндсэн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа. ЭМД-ын сангаас шууд зарцуулалт хийхгүй. Энэ нь тарифын зарчмаар зохицуулагдаж, эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжилтээ авна. Ялангуяа ковидтой нь батлагдсан хүнд үйлчилгээ үзүүлээд тухайн байгууллага нь эрүүл мэндийн даатгалаа гүйцэтгэлээр авна. ПСР шинжилгээ ч мөн гүйцэтгэлээр явна" гэлээ.