Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан. Учир нь халдварын тархалт ихэсч байгаатай холбогдуулан ийнхүү цуцалсан гэж ЗХЖШ-аас мэдээлсэн. Харин цахим орчинд парадад оролцохоор жагсаж байсан цэргүүдээс халдвар илэрсэн хэмээн бичиж байна. Үүнд, албаны хүмүүс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.
Хэдийгээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн жагсаалыг цуцалсан ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөрт жагсаал хийх хэвээрээ гэсэн мэдээллүүд цацагдаж байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Төрийн далбааны өдрийн цэргийн парадын бэлтгэлийг хойшлуулсан. Одоогоор Үндэсний их баяр наадам хэзээ болох шийд гараагүй, цахимаар зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй байна. Албан хаагчид бэлтгэлд гарахгүй байгаа.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээнд гадаа парад жагсахгүй. Харин Төрийн ордонд хүндэт харуулууд УИХ-аас гаргасан захирамжийн дагуу ёслолын арга хэмжээнд ордог. Ёслол бүрт хүндэт харуулууд байнга зогсдог шиг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр ч зогсоно. Нийт 20 орчим хүндэт харуул оролцоно" гэсэн мэдээлэл өглөө.