Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулмаар байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 54 секунд

Цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар хийх, орон нутагт зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хэдийгээр цахимаар хийх шийдвэр гаргасан ч адилхан мөнгө зарцуулна, бэлтгэл ажилд хүмүүс бөөгнөрнө гэж шүүмжлэл байсаар байгаа юм. Тиймээс уг асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн н.Мягмар "Цахим наадам гээд байгааг ойлгохгүй юм. Телевизээр бөх барилдаж, морь уралдах юм уу. Сонин шийдвэр гаргаж байх юм. Наадам хийж, наргихаа хойш тавиад цар тахалтайгаа тэмцэхгүй бол улс оронд аюул учраад байна. Харин наадам хийх гэж байгаа төсвөө аюулт цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад, мөн үйлдвэр нь зогссон ЖДҮ-чид болон шашны газарт зориулах хэрэгтэй. Түүнээс биш баяр наадам тэмдэглэнэ, төсөв нь 10 тэрбут гээд таахалзаад байж болохгүй. Дархлаажуулалт 80 хувьдаа хүрлээ гэж мэдээлж байгаа ч өвчлөл буурахгүй хэвээр байна. Энэ жилдээ баяр наадмаа бүр болих хэрэгтэй"

Иргэн М.Ганбаяр "Энэ жилдээ наадмыг цахимаар ч зохион байгуулаад хэрэггүй. Энэ өвчин чинь нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч тараад замбараагаа алдлаа. Тиймээс баяр наадам тэмдэглэхийг дэмжихгүй. Халдвар гараагүй байхад иргэдээ баахан хорьж цагдчихаад одоо өчнөөн тохиолдол бүртгэгдэж, өдөрт арваараа шахуу амиа алдаж байхад зүгээр суугаад байгааг нь гайхаж байна. Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулаасай. Энэ өвчнөөс болоод хөдөө гэр орондоо ч очиж чадахгүй байна. Наадмаа л өнжчих. Эрүүл саруул явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг дээ"

Иргэн н.Дашням "Энэ төр засаг наадам хийх гээд сагсалзаад байх хэрэггүй. Аюулт өвчнөө дарах хэрэгтэй. Наадамд зориулах тэр их мөнгөөрөө ариутгал халдваргүйжүүлэлт хий. Гудамж талбайд ариутгал хийгээд байсан чинь бүр болчихож. Засгийн газар их муу ажиллаж байна"

Иргэн н.Сандуйжав "Наадам хийх шаардлага алга. Өвчин зовлонгоо л хурдан дарж авмаар байна. Эрүүл байхад дахиад олон жил наадам үзнэ дээ. Цахим наадам хийсэн ч хүмүүс зохион байгуулна, хүмүүс оролцоно. Уяач хүүхэд, бөхчүүд, уяачид гээд л бүгд л оролцоно шүү дээ. Тиймээс цахим наадмаа ч гэсэн бүр болиод харин тэр төсвөө халдварын эсрэг арга хэмжээ авахад зориулах хэрэгтэй. Бүх нийтээрээ эрүүл байвал баярлах цэнгэх цаг зөндөө гарна. Наадам хийвэл халдвар тэр хэрээрээ тархах болно"

Иргэн н.Амарсайхан "Цахим наадам хийнэ гэж байхаар тэр мөнгөө цар тахлын үед нэн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нартаа урамшуулал олгох хэрэгтэй. Хэдийгээр Ардын хувьсгалын 100 жил тохиож бүгд баярламаар байгаа ч яг энэ цаг мөчид, цар тахлын үед тэмдэглээгүй нь зөв"

Иргэн н.Амарсайхан "Энэ жилдээ цахим наадам хийх хэрэггүй санагдаж байна. Өвчин зовлон, нас баралт нэмэгдээд байхад баяр тэмдэглэх нь зохимжгүй. Хүн ардынхаа эрүүл энх байдлыг хамгаалъя гэвэл нэг удаа өнжсөн нь дээр. Харин тэр төсвөө иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулаасай гэж бодож байна. Байдал маш хүнд байна шүү дээ"

Иргэн н.Нарангэрэл "Цар тахлын үед цахим наадам хийх нь буруу. Тэр төсвөөрөө эмнэлгүүдэд амьсгалын аппарат, бусад хэрэгтэй зүйлийг нь авч өгөх хэрэгтэй. Маш их хүн халдвараар нас барж байхад баяр наадам хийж, баяр тэмдэглэх нь утгагүй юм. Ковид намжсаны дараа наадмаа хийж болно шүү дээ"

Иргэн н.Эрдэнэ "Хүн бөөгнөрөхгүйгээр цахимаар наадамлах нь ер нь зөв. Мэдээж Үндэсний их баяр наадам юм чинь тодорхой хэмжээнд тэмдэглэх л хэрэгтэй" гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна.

Э.Мягмарнаран

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.