Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Шийтэр: Мэргэжлээс шалтгаалсан уушгины өвчлөл уул уурхайн салбарт элбэг тохиолдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 25 секунд

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Н.Шийтэртэй уушги тоосжих өвчин болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын 2020 оны статистик мэдээллээс үзвэл уушги тоосжих өвчтэй 1573, үүнээс силикоз оноштой 127 /8.0%/ иргэн хяналтад байна. Эдгээр иргэдийг насаар нь авч үзвэл 40-с доош насны 32, 41-50 насны 15, 60-с дээш насны 80 иргэн байна. Харин ажилласан жилээр нь авч үзвэл 10-с доош жил ажилласан 27, 11-20 жил ажилласан 69, 20-с дээш жил ажилласан 31 иргэн байгаа юм. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон иргэдийн 53 хувь нь уушги хатуурах эмгэгүүд, үүнээс 10 хувийг нь силикоз дангаараа эзэлж байна. Тухайлбал: сүүлийн 5 жилд /2016-2020 он/ мэргэжлээс шалтгаалсан эмгэг нийт 283 үүнээс силикоз дангаараа 32 /11.3 хувь/ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд силикозын тохиолдол нэмэгдэж, насны хувьд илүү залуу хүмүүст оношлогдох хандлагатай байгаад онцгой анхаарал хандуулах асуудал болоод байна.

-Силикоз гэж чухам ямар өвчин бэ?

-Силикоз өвчнийг ярихаас өмнө уушги тоосжих өвчин буюу тоосны шалтгаант өвчлөлийн талаар товчхон ярих хэрэгтэй байх. Уушги тоосжих өвчин буюу пневмоканиоз нь грекийн pneumon-уушги conia-тоос гэсэн үгнээс гаралтай уушги тоосжих өвчний ерөнхий нэршил юм. Өөрөөр хэлбэл, агаар бохирдуулагч тоос, тоосонцорууд хүн, амьтан, ургамалд хор хөнөөл учруулахуйц хэмжээгээр агаарт байдаг. Эдгээр агаар бохирдуулагчид байгалийн гаралтай эсвэл үйлдвэрийн аргаар зохиомлоор гаргаж авсан байж болно. Эдгээр нь тоос, шингэний тоосонцор, хий, уур төлөв байдалтай эсвэл тэдгээрийн холимог байж болно. Жишээлбэл: Чулууг бутлах үед үүссэн тоос, шаталтаас үүссэн утаа, шингэний өндөр даралтаар цацах үед үүссэн жижиг дусал, шингэнээс дэгдсэн мананцар гэх мэт. Тэгэхээр тодорхой хугацаанд эдгээр агаар бохирдуулагч тоос, тоосонцороор амьсгалснаар амьсгалын замаар дамжин уушгинд очиж эд эсийг гэмтээн сорвижил, хатуурал үүсгэдэг бүлэг эмгэгийг пневмоканиоз гэдэг. Эдгээр уушги тоосжих эмгэгүүдийн нэг төрөл нь СИЛИКОЗ юм. Тоос, тоосонцорууд нь ямар механизмаар уушгинд сорвижил, хатуурал үүсгээд байгааг эрдэмтэд маш олон онол, таамаглалуудаар тайлбарласан байдаг. Тухайлбал механик онол, уусалтын онол, сүүлийн үед иммунологийн онолоор тайлбарлах болсон байна. Цахиурын чөлөөт давхар исэл агуулсан тоосоор үүссэн уушги тоосжих өвчнийг силикоз /латины “силициум” цахиур гэсэн латин үгнээс гаралтай/ гэнэ.

-Силикоз нь хэр элбэг тохиолддог, ямар ажил мэргэжлийн хүмүүс хэдий хугацаанд өртөж өвчин үүсэх магадлалтай байдаг вэ?

-Цахиур нь хүчилтөрөгч, устөрөгчийн дараа орох байгаль дээрх хамгийн тархмал элемент бөгөөд гол төлөв хүчилтөрөгчтэй нэгдэж цахиурын давхар исэл байдлаар тохиолддог. Байгал дээр цахиурын чөлөөт давхар исэл нь кварц, тридимит, кристабалит гэсэн 3 төрлийн талст хэлбэртэй байдаг. Эдгээрээс кварц нь дэлхийн гадаргын хамгийн тархмал эрдсүүдийн нэг бөгөөд уулын чулуулгын байнгын бүрэлдэхүүн хэсэг болдог. Силикоз нь цахиурын тоос амьсгалснаас хойш уушгинд зангилаа маягаар холбогч эд ургадаг хамгийн тархмал хүнд хэлбэрийн тоосны өвчин юм.

Анх 1713 онд эрдэмтэн Рамазинни чулуу зүсэгч нарт уушги тоосжих өвчин илэрч байна гэж бичиж байжээ. Түүнчлэн 1902 онд Өмнөд африкийн алтны уурхайчдад, 1915 онд Талст цахиураар үүсгэгдсэн уушги тоосжих өвчин сүрьеэтэй хавсран тохиолдож байгааг судлаачид тогтоосон.

Ажил мэргэжлийн хувьд өнгөт, үнэт металыг олборлох, метал, шаазан ваарны үйлдвэр, цахиурын давхар исэл ихээр агуулсан нүүрс олборлох үйлдвэр, алт, жонш, зэсийн уурхай, хүдэр олборлох үйлдвэр, машины үйлдвэр, галд тэсвэртэй керамик материалын үйлдвэр, төмөр хайлуулах үйлдвэр, чулуу өнгөлөх, зүсэх үйлдвэрлэлийн ажилчид хамгийн өртөмтгий байдаг. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй хотуудын хувьд ч цахиурын чөлөөт давхар ислийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэд дахин их байх тохиолдолд оршин суугчид өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

Силикоз үүсэх хугацаа харилцан адилгүй бөгөөд уул уурхайн ажилчдад дундажаар 10 жил, металл өнгөлөгчдөд 6-7 жил, цувимал металл элсээр цэвэрлэгчдэд 10-14 жил, хэлбэр оруулагчдад 10-30 жил, гранит огтлогчдод 10-14 жил байдаг ба өвчин үүсэхэд эрдсийн тоосон дахь цахиурын чөлөөт давхар ислийн агууламжаас ч хамаарч байна гэж үздэг. АНУ, Швейцарт туннель нүхлэгчдэд хурц силикоз буюу хорт хэлбэрийн силикоз 1-2 жилд үүсэж байсныг судлаачид бичиж байсан бол Бразильд гоёлын чулуу олборлох явцад эрдсийн тоосон дахь цахиурын чөлөөт давхар ислийн агууламж маш өндөр байсан бөгөөд тэнд ажиллагсдын 90 гаруй хувь нь силикозоор өвдсөнийг тэмдэглэсэн байдаг.

-Өвчний эмнэл зүйн онцлог, хүндрэл, оношлогооны талаар эрсдэлтэй бүлгийн хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгнө үү?

Архаг явцтай үед цахиурын өртөлтөөс хойш 20-30 жилийн дараа оношлогдоно, эрт үедээ амьсгаадах, цэртэй ханиалгах, хожуу үедээ цустай цэр гарах, халдварт өртөмтгий болох ба хурцавтар явцтай үед цахиурын өртөлтөөс 10-15 жилийн хугацаанд оношлогддог. Харин хурц явцтай үед цахиурын өртөлтөөс 6 сарын дараа шинж тэмдэг илэрч хурдан даамжирч улмаар нас баралтад хүргэдэг. Энэ үед уушгины хавдар, сүрьеэгээр хүндрэх нь элбэг тохиолддог.

Оношлогооны хувьд мэдээж хамгийн чухал нь цахиурт өртөж ажиллаж байсан ажлын орчин нөхцөл, ажлын байрны цахиурын тоосны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх зэрэг шалгуур нь оношийн чухал ач холбогдолтой. Мөн оношилгоонд рентген шинжилгээгээр уушгинд зангилаа харагдах, спирометрийн сорилд уушгины эзлэхүүн буурсан шинж илэрвэл мэргэжлийн өвчин судлаач эмчид хандаж нарийн шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

-Тэгвэл цахиурын өртөлт болон өвчлөлөөс бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Юуны өмнө байгууллага, ажил олгогчийн зүгээс ажлын байран дахь цахиурын өртөлтийг хэмжиж үнэлэх, үнэлгээг тогтмол хийлгэж байх, энэ чиглэлээр Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 6656:2017 ажлын байрны агаараас цулцанд нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга, MNS 6657:2017 ажлын байрны агаараас нийт тоосны сорьц цуглуулах, шинжлэх арга, MNS 4990:2017 ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага, цахиурын тоосны өртөлтөөс ажилтнуудыг хамгаалах арга хэмжээг хэрэглэх чиглэлээр MNS 6658:2017 ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага, MNS 6654:2017 амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага, зэрэг стандартуудын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай.

Түүнчлэн материал болон технологийн орлуулалт, тоос бага үүсгэх технологийг ашиглах, тоног төхөөрөмжийн сонголт, ажлын өрөөний зөв зохион байгуулалт, ажлын байрыг цэвэршүүлсэн агаараар хангах, засвар үйлчилгээг тогтмол хийх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ажлын хувцасны цэвэрлэгээ, үйлчилгээ, аюулгүй ажиллагааны заавар, мэдээлэл өгөх зэрэг удирдлага зохион байгуулалт, инженерчлэлийн арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эцэст нь ажилтан өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж ажиллах, хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол, зөв хэрэглэж хэвших, ажил амьдралын зөв дадал зуршилд суралцах нь өөрийгөө хамгаалах хамгийн чухал арга юм.

20 орчим насны иргэн халдварын улмаас нас баржээ
20 орчим насны иргэн халдварын улмаас нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.