Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр хаагдана. Сурталчилгаа хаагдахаас өмнө уламжлал ёсоор халз мэтгэлцээн зохион байгуулагдах байсан ч нэр дэвшигч Д.Энхбат ковидын халдвар авсан учраас МҮОНТВ мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл яг одоо клабхауст нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нар оролцож мэтгэлцээн хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Харин мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дараг Д.Амарбаясгалан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд бэлэн байсан. Ерөнхий сайд, Шадар сайд, гишүүнээр хэд хэд ажилласан хүн. Аливаа ямар нэгэн мэтгэлцээнээс татгалзах зүйл байхгүй. Харамсалтай нь гурав хоногийн өмнөөс ХҮН нэр дэвшигч Д.Энхбат ковидын халдвар авсантай холбоотой мэтгэлцээний асуудалд доголдол орсон. Бидэнд гурван боломж байсан. Ер нь мэтгэлцээн гэдэг бол заалны орчинд нэр дэвшигчид нүүр нүүрээ тулж мэтгэлцдэгээрээ онцлогтой. Гэвч нэг танхимд хийх боломжгүй болсон. МҮОНТВ биднийг цуглуулж гурван хувилбар санал болгосон. Нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт тайз засах. Эсвэл ижил тэнцүү заал танхимд байхгүй бол эмнэлэг дээр гурван нэр дэвшигчид адил танхим засах. Гурав дахь нь Д.Энхбат нэр дэвшигчийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан авч ирж мэтгэлцүүлэх санал гарсан. Ингээд Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Хоёрдугаар эмнэлгийн зүгээс улаан бүс рүү гаднаас хүн нэвтрүүлэх боломжгүй. Ялангуяа хэвлэл мэдээллийн явуулын станцыг нэвтрүүлэх арга байхгүй. Хоёрдугаар хувилбарын хувьд нэр дэвшигчид болон бусад хүмүүсийг эрсдэлд оруулна гэж үзсэн. Ингээд МҮОНТВ-ээс иргэдэд боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна лээ. Хэн нэгэн нэр дэвшигч мэтгэлцээнээс татгалзаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо зарим нэг нэр дэвшигч өөрсдийн сайн дураар цахим орчинд мэтгэлцээн зохион байгуулах талаар ярьж байна. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль. Цахим орчимд хэсэг бүлэг хүмүүсийн тэргүүнийг сонгох гэж байгаа сонгууль биш. Өөрсдийн санаачилгаар мэтгэлцээн зохион байгуулна гэх нэрийн дор бусдыгаа оролцохгүй байна гэж ярьж болохгүй. Манайд клабхаус дээр мэтгэлцээнд оролцох урилга ирээгүй байна. Яаж зохион байгуулсан юм мэдэхгүй. Өөрсдөө зохион байгуулаад явж байх шиг байна" гэлээ.