Таван хүүхэд төрүүлж өсгөсөн ч дөрвөн хүүхдээ 14-20 настайд нь ээлж дараалан алдсан иргэн Д.Чанцалмаад туслах аян өрнөөд буй. Учир нь түүнд үлдсэн ганц охин нь 2017 онд гадаад руу сургуульд явахынхаа өмнө авто осолд орж, гурван жилийн турш сууж, босож чадахгүй, нүд нь өнгө ялгахгүй болсон. Өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.
Түүний эмчилгээний төлбөрт 100 сая төгрөг шаардлагатай бөгөөд БНСУ-д эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу аваад байгаа юм. Одоогийн байдлаар ард түмний сайхан сэтгэлээр цугларсан хандив 33 гаруй сая төгрөг цуглаад байна. Охины биеийн байдал хүндэрсэн тул Д.Чанцалмаа охины хамт хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Иймд манай сайтын зүгээс түүнийг гэртээ гарахтай зэрэгцэн очиж, охины биеийн байдал болон хандивын үйл ажиллагааны талаар ярилцсан юм.
Охин Э.Нандин-Эрдэнийн хувьд биеийн байдал тааруу тул удаан ярилцаж чадахгүй, цөөхөн зүйл хэлмээр байна гэсэн юм. Тэрбээр “Би гоо сайханч мэргэжилтэй болохыг хүсдэг. Эдгэрвэл БНСУ-д очоод энэ чиглэлээр суралцаж төгсөнө гэж бодож байгаа. Олон улсын дипломтой болоод хүссэн мэргэжлээрээ ажиллана. Өөр гэвэл загвар талдаа илүү сонирхолтой. Одоо мэдэрч буй зовиураас нуруу хамгийн их өвддөг. Толгой, гар бас өвдөлт мэдрээд унтаж чадахгүй байгаа тул нойрны эм хэрэглэж байна. Сүүлийн үед өвчтэй хүүхдүүдийн тоо олон болжээ. Хүмүүсээ тэрхүү тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслаарай гэж уриалмаар байна. Үргэлж намайг асарч халамжилж буй ээжийгээ бодоод ч болов хөл дээрээ босмоор байна” гэв.
Иргэн Д.Чанцалмаа:
“Эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарлаа. Эмнэлгийн хамт олондоо их баярлаж байна. Охины гарын судасны хана нимгэрсэн тул тариагаа сайн хийлгэж чадаагүй. Эмч нар ч нэлээн айж халширсан байх. Мөн авто ослоо санадаг юмуу мэдэхгүй ойрхон зайтай цочиж сандрах тохиолдлууд гарлаа. Гэхдээ чадах чинээрээ эмч нар маань эмчилгээ сувилгаа хийж өгсөн. Солонгост ажиллаж амьдардаг хос хоёр эмчилгээний мөнгө бүрдээд очвол байрлах газар, хоол ундаар тусална гэдгээ хэлсэн. Хэд хоногийн өмнө уурхайд ажилладаг 7-8 залуу ирээд 1.2 сая төгрөгийн хандив болон хүнсээр тусалсан. Мөн ШУТИС-ийн нэг ангийн хүүхдүүд 370 мянга гаруй төгрөг хандивлах гэх мэтээр хүмүүс маань сэтгэл санаагаар дэмжиж туслаад л байна.
Энэ эрчээрээ бид хоёрын эмчилгээний зардал бүрдэх байх. Тэр хүртэл би охиноо асарч хамгаална. Сүүлийн үед эгчийнх нь сэтгэл санаа тогтворжиж, итгэлтэй болж байна. Охиноо дагаад үхэх юмсан гэж боддог байснаа бүр болиод эдгээе гэсэн бодолтой болж хичээж байгаа. Охин маань маш их өвдөлт мэдэрч байгаадаа шаналаад уйлж, уурлах тохиолдол гарч байна. Эмчилгээ хийлгээд эдгэрвэл урьдынх шигээ цовоо сэргэлэн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая.
ХАНДИВЫН ДАНС:
Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/
Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/
Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/