МАХН татан буугдах шийдвэр гарсантай холбоотойгоор МАХН-аас мэдэгдэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид өнөөдөр 09.00 цагаас Улстөрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслээд МАХН албан ёсоор татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Ингээд Дээд шүүх хуулийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцээд бидний өгсөн бичиг баримтын судлан шийдвэр гаргах юм. Хоёр нам нэгдэх ажиллагааг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хийж зохицуулна гэж шийдсэн" гэсэн юм.
Мөн хоёр нам нэгдсэнээр албан тушаалын хуваарилалт хэр явагдах вэ гэх сэтгүүлчдийн асуултад тэрбээр "Том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Мэдээж тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн.
Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээнд МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно" гэлээ.