МАХН татан буугдах шийдвэр гарсантай холбоотойгоор МАХН-аас мэдэгдэл хийж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: “Бид өнөөдрийн 09:00 цагаас Улстөрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслээд бид МАХН албан ёсоор татан буугдаж МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Ингээд Дээд шүүх хуулийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцээд бидний өгсөн бичиг баримтын судлан шийдвэр гаргах юм.
Энэхүү шийдвэрийг гаргахад анхан шатны байгууллагын гишүүдийн үзэл бодлыг сонссон. Хөл хорио тавигдаагүй аймгуудад гишүүдтэйгээ очиж уулзах, онлайнаар холбогдох зэргээр санал бодлыг нь асуусан байгаа. Бид нэг түүхтэй, үзэл баримтлалтай намууд. Харин 10 жилийн өмнө тодорхой асуудлуудаар өөр байр суурьтай болсон тул хоёр нам болсон. МАН, МАХН хоёрын хооронд болж өнгөрсөн томоохон маргаан бол МАНАН гэдэг улстөрийн үзэгдэл. Сүүлийн жилүүдэд энэхүү үзэгдлийн хорт үр нөлөөг бид мэдэрсэн. Хэдэн жилийн өмнөх дүн өвлөөр МАН-ын гишүүд жагсагчид нийлж, МАНАН-тай тэмцсэн. Үр дүнгээ ч өгсөн.
Оюутолгойн гэрээ үнэхээр луйвар булхайтай болсон гэдгийг манай нам 2010, 2011 онуудад шүүмжилж байхад хүмүүс тэр бүр ойлгодоггүй, хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгодог байсан. Үүнийг 10 жилийн дараа мэдэж, одоогийн Ерөнхий сайд гэрээг засахгүй бол болохгүйг ойлгосон байх.
Мөн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэж их шүүмжилсэн. МАН-ын өнөөгийн удирдлага үүнийг ойлгож Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хууль бус боллоо гэдгийг бид анх дэлгэж тавьсан. Үүнээс хойш МАН анзаарч хамтран тэмцсэн. 2012 онд 600 цагдаа ирж намайг баривчилж байсан үеэс эхлэн МАН энэхүү луйврыг зогсоохын тулд тэмцэж ирсэн. Олон хүн хэлмэгдсэн, баригдсан. Гэхдээ бид бууж өгөөгүй. Одоо л намууд хууль шүүхийн байгууллагын гажуудлыг засах хэрэгтэйг ойлгож үнэнд гүйцэгдэж байна. Хоёр нам нэгдэх ажиллагааг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хийж зохицуулна гэж шийдсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэхтэй холбоотой. Эв нэгдлийн үлгэр жишээг өөрсдөө үзүүлье гэж бодсон. Томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тодорхой албан тушаалд томилогдох л байх. Гэхдээ өнөөдөр албан тушаалаа тохирсон зүйл байхгүй. Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу.
Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, бага хуралд 110, нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус 6, сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр 4 хүн очно. Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллана.Энэ бол намын дотоод асуудал. Төр засгийн асуудлын хувьд орон сууцны төсөл, өргүй Монгол, бага хүүтэй зээл олгох зэрэг ажилд МАХН-ын хүмүүс дайчлагдана. Тухайн асуудлыг шийдэхэд ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг хоёр талын ажлын хэсэг гарч шийднэ. МАХН, МАН-аас тус тус 5 хүнтэй ажлын хэсэг бий. Манай намаас би даргална. МАН-аас мөн намын дарга нь даргална. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн дарга нь ажлын хэсэгт орно.
Бидний энэ хамтыг ажиллагааг 2024 он гэж төсөөлж байна. Үүний дараа энэ үйл ажиллагаа дуусаад цаашид нэг нам болсон болохоор ажлын хэсэг байх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Бага хурал, Удирдах зөвлөлд ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ажилд санаа бодлоо хуваалцана.
Намын нэрийн хувьд МАН, МАХН гэсэн нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ гэж тохирсон. Энэ нь хэн нэгэн МАН юмуу МАХН гэдэг нэрийг хэрэглэхээс сэргийлж байгаа юм. Хоёр түүхэн нэр, хоёул байх ёстой нэр. Монголд МАН, МАХН, АН гэсэн гурван нам байгаа. Гишүүдийнх нь тоогоор албан ёсоор нам гэж үзнэ” гэлээ.