УИХ-ын үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "КОВИД гэдэг нэрээр их л зээл авч байна даа. Улсын төсөв нь юу болж байгаа юм болоо. Би 4 дэхь удаагаа УИХ-д сууж байна. Ийм танхай Засгийн газар, хэдэн төгрөг нь хаана юунд зарцуулагдаж байгааг мэдэхгүй сууж байдаг УИХ-ыг анх удаагаа харж байна. Ковид гэдэг нэрийн дор ямарч үр ашиггүй үрэн таран хийж, төсвийн бүтээн байгуулалт нэртэй үрэн таран хийж байгаагаа жаахан хямгадмаар байх юм. Та нартай ч юу ярих вэ дээ. Хэлээд л хаяахаас. Одоо ард түмэндээ үнэнээ хэл. Төсөвт мөнгө байхгүй. Бүгдийг нь янз бүрийн зүйлд үрэн таран хийсэн учраас гадаадаас зээл авч хүүхдийн мөнгө төгрөг олгож байгаагаа хэлэх хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "176 сая доллар зээл авч байгаа юм байна. Өмнөх авсан зээлүүдээ тооцвол улсын хэмжээнд 30 тэрбум гаруй доллар болж байгаа байх. Энэ зайлшгүй авах ёстой зээл үү. Өмнө нь зээлээс татгалзаж байсан тохиолдол байна уу. Энэ зээлүүдээ яаж эргүүлж төлөх юм. Энэ авч байгаа зээлээ халамжид л өгөх гээд байх шиг байна. Сүүлдээ бараг зээл авч ирж байгаа нь баатар болох нь" хэмээн шүүмжиллээ.
Хуралдаан үргэлжилж байна.