Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оршин суугч М.Жанлав: Орцондоо зурсан зургаа харахаар гэртээ орж ирсэн мэт сайхан санагддаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 39 секунд

Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багт орших "Хээтэй хороолол"-ын 4-2 байрны тавдугаар орцны оршин суугчид нийлж, орцондоо иж бүрэн засвар шинэчлэлт хийжээ. Иргэдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж буй оршин суугчдын төлөөлөл, орцондоо өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж, зурж буй иргэн М.Жанлавтай утсаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

-УС АЛДДАГ, ХАГАРХАЙ ЦОНХ, ХАЛЦАРХАЙ ХАНАТАЙ ОРЦОНД АМЬДРААД ХЭДЭН ЖИЛИЙН НҮҮР ҮЗСЭН ТУЛ ЗАСААД ЗУРАГ ЗУРАХ САНАЛ ГАРГАСАН -

-Таны орцондоо зураг зурж, будаж байгаа зургууд цахим сүлжээгээр тархаж хүмүүс ч сайхан сэтгэгдэл үлдээж байна. Өөрийнхөө тухай болон орцоо хэрхэн зурж будаж байгаагаа хуваалцахгүй юу?

-Ах нь Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд дүрслэх урлагийн багшаар ажилладаг. Манай байрны орц ус алддаг, цонх нь хагараад шилний хэлтэрхий унасан, халцархай ханатай, хаалганы код эвдэрсэн тул гадны хүмүүс орж ирээд хог тарих мэтээр ерөнхийдөө хүндхэн байдалтай хэдэн жилийн нүүр үзсэн. Иймд орцондоо амьдардаг айлуудад бүгдээрээ нийлж засвар хийх санал гаргахад ихэнх нь дэмжсэн. Ингээд оршин суугчид мөнгө цуглуулаад засвар хийх, будах материалуудаа авсан. Манай нэг найз маань орцны замаск хийхэд тусласан байгаа. Хуучирсан ханыг засаж янзлаад өнгө будгаар зураад гоё болгосон. Нэг айлаас 200 мянга гаруй төгрөг гарсан байх.

-Орцны холбоо гэж байдаг уу. Түүгээр дамжуулж нэгэнтэйгээ зөвлөлдсөн үү, эсвэл зүгээр л хоорондоо нэг өдөр ярилцсан юм уу?

-Ямар нэгэн холбоо гэж байхгүй ээ. Би өөрөө дүрслэх урлагийн багш учраас орцныхоо ханыг засаж янзлаад, будаг шунхдаад гоё болгох саналыг айлуудад танилцуулж санаа бодлыг нь асуусан. Тиймээс зураг зурахдаа хүмүүсийн саналыг эхэлж асуусан. Дандаа залуу улсууд амьдардаг тул байгалийн зураг гоё харагдах юм байна гэж зөвлөлдөж байсан.

-Хүмүүс сайн дураараа хэр их тусалж байна вэ. Өнөөдөр нэмж давхар будсан уу?

-Өнөөдрийн хувьд дутуу орхисон байсан зургаа үргэлжлүүлэн зурж байна. Цаашдаа хана шат будах ажилд орцны маань зарим хүмүүс гар бие оролцож тусална гэсэн. Манайх хуучны угсармал байр юм. Хамгийн дээд таван давхраас эхлээд орцоо цэмцийлгээд одоо гурван давхарт хүрсэн байгаа.

- СӨХ-ЫН ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР ОРШИН СУУГЧИД САЙН ДУРААРАА НЭГДЭЖ ОРЦОО ШИНЭЧИЛСЭН -

-Нэг давхар будаж дуусахад хэр их хугацаа зарцуулж байна. СӨХ-өөс ямар дэмжлэг үзүүлдэг үү?

-Зурж будахад 14 хоног шаардагдаж байна. Харин засаж янзлаад замаскдах ажилд 7 хоног зарцуулдаг. Үндсэндээ 20 гаруй хоногийн ажил. СӨХ-өөс ямар нэг дэмжлэг байдаггүй. Айлуудын санаачлагаар л энэ ажил хийгдэж эхэлсэн.

-Та багаасаа зурах дуртай байсан уу. Өмнө нь ханан дээр зураг зурж байв уу?

- Хүүхэд байхдаа зурах дуртай байсан болохоор чадвараа хөгжүүлсээр дүрслэх урлагийн багш болсон. Дархан-Уул аймгийн 18-р сургуульд 14 жил багшилж байна. Айлуудын блокон хашаа, байгууллагын ханан дээр зураг зурдаг байсан.

-Гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулахгүй юу?

-Эхнэр бид хоёр нэг хүү, нэг охинтой. Одоо хоёул өсөж томроод тусдаа гарчихсан. Харин зээ охин маань бид хоёр дээр ирж очин байдаг. Сүүлийн үед зураг зурмаар байна гэх болсон. Ханан дээр талбай гаргаж өгнө өө. Айлууд манайхаас санаа аваад дор бүрдээ амьдарч буй газрынхаа өнгө төрхийг сэргээгээсэй гэж боддог. Удахгүй улсын 100 жил, Дарханы 60 жил боллоо шүү дээ. Өнгөлөг орчинд амьдрах сайхан.

-ХАНАН ДЭЭР ЗУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЖИЖИГХЭН ТАЛБАЙ ГАРГАЖ ӨГНӨ-

-Та хэзээнээс орцоо засаж сайжруулж, зураг зурахад боломжтой хэмээн бодсон бэ?

-Дотроо бол удаан хугацаанд бодож явсан санаа байгаа юм. Нэг хэсэг хөл хорионд ороод гэртээ уйдахдаа энэ санаагаа бодит болгоё гэж бодсон. Харин барилгын материалын дэлгүүр хаагдчихаад байсан тул саяхнаас хэрэгтэй зүйлсээ цуглуулаад ажилдаа орж байна.

-Ханандаа зурагтай болсон орцны хүмүүсийн сэтгэгдэл хэр байна вэ?

-Цахим сүлжээгээр манай орцны зургууд их тархсан тул ирж үзэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хөл хөдөлгөөн ихтэй л байна. Хөршүүдийн хувьд сэтгэгдэл өндөр, зураг их таалагдсан гэсэн. Хүүхдүүд тэр тусмаа хамгийн их хөөрхөн баярладаг. Хамт зураг зурмаар байгаагаа надад хэлсэн. Тусад нь жижиг хана гаргаж өгөх санаатай байгаа.

-Өөр орцны хүмүүсээс зуруулах хүсэлт ирж байна уу?

-Тийм шүү. Манайхаас гадна өөр хоёр орцны хүмүүс ирж будаж өгөөч гэж хүссэн. Өнөөдөр л гэхэд нэг залуу ирээд 10 хоногийн дараа манай орцонд гоё зураг хийгээд өг би тусална гэж уулзсан байгаа.

-Зурж будсан орцондоо орж гарахад ямар санагдаж байна?

-Мөн сайхан шүү дээ. Орцондоо зурсан зургаа харахаар гэртээ орж ирсэн мэт сайхан санагддаг. Цааш зурж будахад урам өгдөг.

Бидний ярилцлага энэ хүрээд дуусав. Гайхалтай зүйлс энгийн жижиг үйлдлээс эхэлдэг болохыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж яваа иргэн М.Жанлав хүн бүрийг амьдарч буй орчиндоо эерэг өөрчлөлт хийхийг уриаллаа.

С.Хонгорзул

Туул голд осолдсон таван настай хүүхдийн цогцсыг олжээ
Туул голд осолдсон таван настай хүүхдийн цогцсыг олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.