Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын 5.1 сая тохиолдол шинээр илэрсэн нь өмнөхөөсөө 20 хувиар буурсан үзүүлэлт байв. Үүнтэй холбогдуулан халдварын нөхцөл байдал дээрдэж, хөл хориогоо сулруулсан орнуудын тухай хүргэж байна.
АНУ: ВАКЦИНДАА ХАМРАГДСАН ИРГЭД АМНЫ ХААЛТГҮЙ ЯВЖ БОЛНО
Америкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн иргэдэд амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрчээ. Харин нийтийн тээврээр зорчих, нисэх онгоц, галт тэрэгний буудал, эмнэлэг, ахмадын асрах байр, хорих газар, орон гэргүй хүмүүсийн асрах газарт очихдоо амны хаалт зүүх шаардлагатай байна.
ТУРК: ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ХЭСЭГЧЛЭН НЭЭГДЭЖ, ХОТ ХООРОНД ЗОРЧИХЫГ ЗӨВШӨӨРНӨ
Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас Турк улсад тогтоосон хорио цээрийн хатуу дэглэм дуусаж байна. Тавдугаар сарын 17-ны даваа гаргаас эхлэн хязгаарлалтуудыг аажмаар цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тус яамнаас мэдээлснээр, даваа гаргаас эхлэн амралтын өдрүүд болон ажлын өдрүүдэд хөл хорих цаг 21:00-05:00 цагийн хооронд үйлчилнэ. Түүнчлэн худалдааны төвүүд хэсэгчлэн нээгдэх бөгөөд хот хооронд зорчихыг зөвшөөрөх боловч хөл хорих цагийн үеэр зорчихыг хоригложээ. Харин нийтийн хоолны газрууд хүргэлтээр үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх аж.
ИТАЛИ: ГАДААДЫН ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НЬ СӨРӨГ ГАРСАН БОЛ ТУСГААРЛАЛТАНД ХАМРУУЛАХГҮЙ
Итали улс аялал жуулчлалын улирал ойртон ирж буйтай холбогдуулан Европын Холбоо болон бусад улс орнуудаас ирэх жуулчдад зориулж тусгаарлалтын журмыг цуцлах төлөвтэй байна.Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Европын Холбоо, Их Британи, Израилаас ирсэн иргэдийн коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол тусгаарлалтанд хамруулахгүй гэнэ. Спорт заал, усан бассейн, зоогийн газруудыг товлосон хугацаанаас нь эрт нээж магадгүй байна. Эдгээр газрыг зургаадугаар сарын 1-нээс нээх төлөвтэй байжээ. Үүнээс гадна хөл хорионы цагийг 22:00 цагаас 23:00 болгож хойшлуулах боломжийг хэлэлцэх юм.
АНГЛИ: ЗАЙ БАРИХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЖ, НЭГНЭЭ ТЭВРЭХ БОЛОМЖТОЙ
Байр, орон сууц дотор 6 хүртэлх тооны хүн цугларах боломжтой бол гудамжинд нэг дор цугларах хүний тоо 30-аас хэтрэхгүй. Кафе, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудал үйлчлүүлэгчдийг гадна талбайд хүлээн аваад зогсохгүй дотор хүлээн авахыг зөвшөөрчээ. Музей, кинотеатр, хүүхдийн тоглоомын талбай, концертын танхим, спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд аажмаар үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ. Зай барих журамд өөрчлөлт орж байгаа бөгөөд тэврэх зэрэг харилцаа үүсгэх нь хувь хүний сонголтын асуудал.
ШОТЛАНД: БАЙР, ОРОН СУУЦ ДОТОР НЭГ ДОР 6 ХҮН ЦУГЛАРЧ БОЛНО
Байр, орон сууц дотор нэг дор 6 хүн цугларч болно. Харин гадаа нэг дор 8 хүн цугларах боломжтой. Буурчийн газар, зоогийн газрууд 22:30 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчилнэ. Кинотеатр, театр зэрэг зугаа цэнгэлийн газрууд дахин нээгдэх бөгөөд доторх арга хэмжээнд оролцох хүний тоог 100-гаас хэтрүүлэхгүй байх ёстой аж.
УЭЛЬС: КИНОТЕАТР, МУЗЕЙ, УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЭНЭ
Буурчийн болон зоогийн газрууд үйл ажиллагаагаа дотор явуулах боломжтой. Амралтын газрууд үйл ажиллагаагаа сэргээнэ. Кинотеатр, музей, уран зургийн галерей дахин үүд хаалгаа нээнэ. Харин гэр дотор цугларах журамд өөрчлөлт ороогүй байна.