Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тансаглал: Ард нь жар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 24 секунд

Спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган нэгэнтээ НБЭ-гийн “Лос Анжелис Лакерс” багийн бүрэлдэхүүнийг “тансаглал” гэж хэлж байв. Учир нь лигийн хамгийн сайн тоглогчид төдийгүй, хоёр гуравдугаар эгнээний шилдэгүүд цөм Л.Жеймсийг дагаад тус багт ирчихсэн хэрэг. Яг үүн шиг үйл явдал манай улс төрд өрнөж байна. Хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан МАН-д өнөөдөр юу л байна УИХ-ын гишүүн л байна. Жараас илүү суудал дараалан авсан аварга амжилт Монголын парламентад дахин тохиолдохгүй гэж ярих мэргэн бөөдийнүүд олон.

Ямартай ч МАН-ын энэ амжилт нь У.Хүрэлсүх гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Түүний эрс шийдэмгий байдал олон нийтэд маш их таалагддаг. Мөн үндсэн хуулиас эхлээд томоохон шинэчлэлийг эхлүүлсэн зэрэг олон ажлыг нь ард түмэн үнэлж дүгнэсэн биз ээ. Түүний ачаар л МАН засаглахад сөрөг хүчин, Ерөнхийлөгчийн институтээс айх аюулгүй тогтвортой сайн цагийг туулж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэдэн шиг зохион байгуулалттай, нэгдмэл улс төрийн хүчин алга. 2005 оноос хойш МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй тааруухан амжилтад цэг тавих хүн нь У.Хүрэлсүх байх магадлал маш өндөр байгаа. Харин энэ удаад МАН, У.Хүрэлсүх гэдэг хүний сайн муугийн тухай биш УИХ-ын нэг гишүүний улс төрийн үнэ цэнийн талаар өнгөрсөн үйл явдлуудтай харьцуулж сонирхолтой өнцөг хөндөх гэсэн юм.

1996 онд Ардчилсан Холбоо Эвсэл \АХЭ\ анх удаа сонгуульд ялалт байгуулж 50 суудал авчээ. Харин МАН 25 суудалтай. Гэтэл тухайн үеийн үндсэн хуулиар УИХ-ын ирц 50 дээр нэмэх 1 гишүүнээр бүрддэг байлаа. МУНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Дашбалбар агсан жинхэнэ од болох нь тэр. АХЭ-ийн 50 гишүүн О.Дашбалбарыг найрч хуралд нь суулгаж чадвал чуулган хуралдана. Чадахгүй бол чуулган хуралдахгүй. Тухайн үеийн МАН-ын дарга Н.Энхбаяр нь О.Дашбалбартай маш дотны найзууд учраас голдуу сөрөг хүчний талд орно. Ийнхүү АХЭ-ийн үед жинхэнэ утгаараа парламентын хямрал болж хууль батлах нь битгий хэл хурлаа хийж чадахгүй байдалд орсон юм. Дөрвөн Засгийн газар солигдож, 7 удаа Ерөнхий сайдаа томилж чадахгүй буцаж, 20 гаруй Ерөнхийлөгчийн хоригтой тулсны дээр ганц гишүүнээр ирц дутдаг азгүйтлын оргил үе байлаа. Ганц гишүүн гал болноо гэж.

2004 оны сонгуулиар МАН 36, Эх орон-Ардчилал эвсэл 36 суудал авч хайнаад хамтарч, Засгийн газраа байгуулахаас өөр замгүй болсон түүхтэй. Гэсэн ч Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар удалгүй тэгс хийгээд огцорсон. Араас нь гарч ирсэн М.Энхболд АН-тай хамтрах санал гаргасан ч цаадуул нь зөвшөөрөөгүй. Ингээд арга буюу Б.Жаргалсайхан, С.Оюун нарын намыг оруулж, АН-аас зарим нэгийг нь сугалж байж арай чарай Засгаа байгуулсан. АН-аас Ц.Батааг МАН-руу урвуулж, нөхөн сонгуульд амиа тавин байж Ө.Энхтүвшин, М.Энхболд нарыг ялуулж байгаад МАН 39 суудалтайгаар энэ бүрэн эрхээ дуусгаж байв. Их Хуралд ганц суудалтай Б.Жаргалсайхан сайд болон мандаж байваа. Ганц суудал сайдаар үнэлэгдэнээ гэж.

Саяхны явдал даа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурж үүн дээр нь АН-ынхан нэмэгдэж тун эгзэгтэй болоод байсан. Үйл явдал үндсэндээ С.Жавхлан гэж бие даагч хаашаа эргэхээс шалтгаалах болоод байв. Сэтгүүлчид өрөөнийх нь үүдээр шамбаарч, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өрөөнд очиж уулзан, хадаг тавьж өнөөх нь оодорч янз бүр болоод л. Эцэстээ ямар тохироо хийгдсэн юм бүү мэд ямартай ч С.Жавхлан Засгийн газрыг огцруулахгүй байхад нэг кнопоор дэм үзүүлсэн. Ганц гишүүн аминд орноо гэж.

Гэтэл өнөөдөр хувь заяаны өгөгдлөөр эрх баригч нам ганц гишүүнээр дутахааргүй болжээ. Цар тахал, хөл хорио зэрэг олныг бухимдуулж, нам засгийн ретингийг мэрж байгаа үйл явдлын хажуугаар худал үнэн нь мэдэгдэхгүй “бөгсний” асуудлаар том сонгуульд туухай болоод байгаа нэг гишүүнийг хөөх шийдвэр МАН гаргалаа. Өөрийгөө ямар бурханлаг хүн болох талаар телевизээр яриад удаагүй байтал Ц.Анандбазарыг амбаардаад өглөө хөөрхий. Ийнхүү УИХ-д аль ч намд харьяалалгүй Булганы Бурханлаг нэг гишүүн гараад ирлээ.

Эртний Вавилончууд ургац арвинтай жил ямаагаар, ургац муутай жил тутрагаар бурхандаа өргөл барьдаг байсан гэнэ лээ. Харин МАН том сонгуулийн өмнө нэг гишүүнээр өргөл барьж улангассан ард олны хорслыг умдаалж, цангааг тайлж байна.Гэтэл сөрөг хүчин болох АН нь бие даасан, урвасан шарвасан бүхнээ багцалж цуглуулж ганц ч болтугай кноп ахихын тулд янз бүр болох нь өрөвдөлтэй. Сор залаад ч болтугай хүчирхийлэлтэй эвлэрхгүй байх соёл улс төрд төлөвшихөд хувь нэмрээ оруулж байгаа нь сайн хэрэг. Харин голсон ганц гишүүн голд нь орох шоглоомын тавилан МАН-д бүү давтагдагдаасай билээ.

 

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.