УИХ-ын чуулганы хуралдаанаар "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль" болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хоёр зүйл байна. Энэ уржигдар өргөн барьсан хуулийн төсөл. УИХ хуулиа барьж, уншиж судлах харах судлах, бусдын санаа оноог сонсох хугацаа олгооч ээ. Хууль зөрчиж байна. Мөн камерын асуудлыг дэмжиж болох юм. Гэхдээ эрүүл саруул ухаанд багтахуйц юм яримаар байна. Одоо байгаа 6000 гаруй камерных нь тал ажилладаггүй юм билээ. Тэгэхээр 1 их наяд гаруй төгрөг гээд их мөнгөн дүн яриад байна. Миний бодлоор яг шаардлагатай цэгүүддээ тавибал энэ мөнгөн дүн багасна. Хэрэгтэй хэрэггүй газар тавьж баахан мөнгө үрэх гээд байна.
Бас нэг асуудал нь Х.Нямбаатар сайдын үед муухай булай юм үзэж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна. Орцонд байгаа камерын бичлэгийг ашиглаж олон нийтэд цацаж байгаа нь арай дэндсэн хэрэг. Замын цагдаа энгэрийнхээ бичлэгийг дэлгэдэг нь хэдэн он бэ. Энэ завхарсан асуудлаа зогсоо. Энэ хуулийн төслөө эхэлж яримаар байна. Камераа л яриад байх юм"
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичээд олон нийтэд сүлжээнд цацсан юм билээ. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан байна лээ. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар аваад цацсан. Харин үүнийг хуулиар хориглож өгөх гээд байна" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.