Ардын нам дотор саяхан нэг сонирхолтой яриа өрнөжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж намынхаа УЗ-ийн хурал дээр “Талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа нөхдүүдийн шаардлагыг сонсож, ойлголц. Хэрвээ ингэж хэтэрхий хүч түрж асуудалд хандвал сонгуульд ялагдах аюултай шүү” гэх агуулгыг хэлж баахан цамнасан сурагтай. Хэрвээ санаж байгаа бол Ерөнхийлөгч талбай дээр ирж өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзахдаа “Би өглөө 30 жил улс төрд явсан Ц.Нямдорж гишүүнтэй уулзлаа. Энэ асуудалд анхаарч өгөхийг хүслээ. МАН ямар нэгэн шийдэл гаргана гэж найдаж байна” гэж хэлээд явсан. Яг энэ уулзалтын дараа Ц.Нямдорж сайд намынхан руугаа ийнхүү “хаазалжээ”.
Ц.Нямдорж сайд ингэж Ерөнхийлөгчийн үгээр үг хийж яваа нь ирээдүйд МАН дотор өрнөх улс төрийн процессыг хамгийн сайн мэдэж байгаатай нь шууд холбоотой. Удахгүй У.Хүрэлсүхийн ар дээр намын даргын төлөөх том өрсөлдөөн өрнөнө. Энэ өрсөлдөөний өмнө мань эр "хаяагаа манаж" буй бололтой. У.Хүрэлсүх сонгуульд ялбал, Ц.Нямдорж сайдын хэлснээр өлсгөлөн зарласан хүмүүст анхаарсны зөв. Хэрвээ ялагдвал “хэтэрхий хүч түрж болдоггүй юм, ингэж байгаад алддаг юм” гэж хэлсэн Ц.Нямдорж сайдын зөв болно. Аль ч тохиолдолд хэрэг эрхлэхийн даргын зөв болохыг та нар анзаарсан уу. Манай Ц.Нямдорж сайд ийм л ухааны хүн. Н.Алтанхуягаас эхлээд мөн ч олон хүн Ц.Нямдорж сайдын “Би чамд хэлсэн дээ, сануулсан даа, үгүй ээ мөн их хэлсэндээ…” гэх үгсийг олон ч удаа сонссон доо хөөрхий.
Сонирхолтой нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизийн ярилцлагад орохдоо Ц.Нямдорж сайдын санаа зовсон асуудалтай холбоотой зүйлд хариулт өгөв. Тэрбээр, “Ардчилсан намын зарим нөхдүүд танай нам чинь эрх барьж байгаа юм чинь шүүх рүү, цэц рүү яриад шийдчих л дээ. Тэгвэл энэ жагсаал цуглаан улс төрийн тэмцэл танайхаас ч холдоно. Бид ч гэсэн учраа олчихно шүү дээ гээд байсан. Ингэвэл төр засаг гэж байгаад яах юм бэ. Хууль дүрэм, ҮХЦ, Улсын дээд шүүх гэж байгаад яах юм бэ” гэв. Товчоор бол Ардчилсан намын асуудалд эрх баригчид найр тавихгүй гэсэн үг.
Гэтэл нөгөө талд нь АН-ын өлсгөлөн зарласан гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарын үгэнд ороод Улсын бүртгэл, дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагуудыг хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар боллоо гээд талбайгаас тарчихсан. Харамсалтай нь эрх баригчдын хамаг бүдүүн дарга нь “сөрөг хүчнийхэн хууль бус юм шаардаад, хуулийн байгууллага руу яриадах гээд” байна лээ. Би тэгж чадахгүй” гээд хэлчихлээ.
Энэ бүгдийн дараа өлсөгчид нэг бол хулхидуулчихлаа, үгүй бол хулхидуулсан ч хамаагүй байж. Эхний тохиолдолд МАН угаасаа улс төрийн өлсгөлөн зарласан Ардчилсан намын нөхдүүдийг зогсоохын тулд Г.Занданшатарыг явуулж “молигодсон”. Эсвэл Ардын намыг угаасаа “хулхидана” гэдгийг Ерөнхийлөгч болон талбай дээр өлсөж байгаа УИХ-ын гишүүд бүгд мэдэж байж. Хууль, улс төрийн нөхцөл байдал, Ардын намын уламжлалт улс төрийн “тоглолт” гээд аль ч талаас нь харсан Н.Алтанхуягт нэр дэвших зай байтугай завсар ч олдохгүй. Дээр нь нэмээд өлсгөлөн зарлагчид угаасаа Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээс илүүтэй АН доторх дэмжигчдийн хүрээллээ нэмэгдүүлэх, С.Эрдэнийг эсэргүүцэх зорилготой байсан гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад эхэлчихсэн. Ер нь өлсгөлөн зарлагчдад Ардын намынхан хулхидана уу, байна уу хамаагүй байсан бололтой. Тиймээс хоёр тал харцаараа ойлголцоод хулхины зөвшилцөл, ажлын хэсэг гэгчийг хийгээд яваа бололтой.
Г.Лхагвадорж