Синофарм үйлдвэрийн Веросэлл вакциныг хийлгэсэн 44 настай хөхүүл эмэгтэй нэг хоногийн дараа нас барсан хэмээн түүний охин Н өөрийн цахим хаягтаа мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу талийгаачийн охин Н-ээс тодрууллаа.
Танд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн биеийн байдал вакцин хийлгэхээс өмнө хэвийн байсан уу?
-Бүх зүйл хэвийн байсан. Тавдугаар сарын 9-ний өдөр "Ээж нь вакцин хийж болох үгүйгээ асуугаад болно гэвэл хийлгэчихээд ирье" гээд хийлгээд ирсэн. Маргааш орой нь бие засахаар гараад буцаж орж ирээгүй. Удаад байхаар нь гараад хартал ийм зүйл болсон байсан.
-ЭМЯ-наас хөхүүл эмэгтэйд вакцин хийхийг зөвшөөрч байгаа. Энэ мэдээллийн дагуу вакцинд хамрагдсан уу?
-Хятадын вакцин үйлдвэрлэгчид уг нь санамж гаргасан юм билээ. Тэр санамжинд нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа, мөн хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийхийг хориглосон заалт байсан. Гэтэл яагаад вакцин хийлгэхгүй бол халамжийг зогсооно гээд хүчлээд байгааг ойлгохгүй байна.
-Вакцин хийлгээд маргааш нь таалал төгссөн учраас үүнтэй холбож байгаа юу?
-Вакцинтай холбоотой байх магадлал өндөр. Сарын өмнө төрсөн ээжийн маань эмчийн магадлагаан дээр ямар нэгэн өвчингүй, даралт өндөр байна гэж бичсэн байсан. Даралтны эмээ ууж байсан.
-Вакцин хийлгэхийн өмнөх эмчийн үзлэгт ороход даралт өндөр байгааг нь тогтоосон юм болов уу?
-Даралтыг нь үзээгүй гэсэн. Асуумж бөглөөд л хийлгэсэн гэсэн.
Дээрх асуудлаар ЭМЯ-ны зүгээс тайлбар хийсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нас барсан эмэгтэйн дүгнэлтийг хараахан гаргаагүй байгаа талаар мэдэгдсэн.