Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Где? ЛОГИК

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 39 секунд

Логикийг энгийнээр тайлбарлавал фактуудаар нотолгоог бий болгоод үүнийгээ үндэслэн дүгнэлт гаргахыг л хэлэх байх. Хаанаас ч билээ нэг хүний "Хүүхэд бүр тоглох дуртай. Оюук бол хүүхэд. Тиймээс Оюук тоглох дуртай". Логик дараалал, баримт, нотолгоо гэдэг ердөө л энэ хэмээн тайлбарласан байхыг уншиж байв. Хамгийн хялбар хэрнээ ойлгомжтой жишээ бол энэ байх. Гэвч сүүлийн үед бид улсаараа логик дараалал, баримт нотолгоо, бодит дүгнэлт гэдэг зүйлээс "зугтаад" байх шиг. Логик дарааллыг төгс эвдэж буй хэд гурван жишээг дор дурдъя.

ЗГ-ын 100 хоногийн хэвлэлийн хурлын үеэр манай Ерөнхий сайд нөгөө маш том нууцуудынхаа нэгийг уг нь зарласан. Зарлах зарлахдаа парламентын бүх сэтгүүлчдийг, үзэгчидтэй нь хамт өмнөө суулгаж байгаад "вакцинд саад учруулсан этгээд бол С.Одонтуяа" гэж айлдав. Туниа муутайхан сөрөг хүчний, бяд муутайхан эмэгтэй гишүүн С.Одонтуяа яг яаж вакцинд саад учруулсан юм бол гэх асуулт ордонд дотор ч, ард түмэнд ч хамгийн түрүүнд бодогдов. Гэтэл мань хүн гаалийн байцаагч руу утсаар залгаад вакцин татан авалтад саад учруулчихсан гэнэ. Ядаж байхад түүнд нь нөхөр нь тусалсан бололтой. Би бодохдоо Ерөнхий сайд буруутай этгээдийг зарлаж байгаа юм чинь маш том нотолгоотой, үндэслэлтэй, дүгнэлт хийж болохуйц зүйл хэлэх болов уу гэтэл тэгсэнгүй. Засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй, Энэтхэг, Хятадад хумсны төдий ч нөлөөлж чадахгүй нэг муу дүүргийн дарга байсан эмэгтэйг сонгож аваад зарлаад хаячих нь тэр. С.Одонтуяа гишүүн ч өөрөө бүр гайхчихсан "би яаж гацаах юм болоо" гээд өчигдөр орой талбай дээр мэдэгдэл хийгээд байна лээ. Нээрээ ч улс хоорондын гэрээ хэлцлээр явагдаж байгаа цар тахлын эсрэг вакциныг гацаах чадвартай хүн Монголд байгаа юу гэвэл олоход тун ховор. Магадгүй нөгөө том, том улс төрийн бүлэглэл, хонгил монгилын эзэд л үүнийг хийж чадвал чадах байх. Бусад нь ч мэдэхгүй ээ. Ямар зүүн аймгаас орж ирж байгаа тарваганы махыг товчоон дээрээс буцааж байгаа биш дээ.

За яахав, Ерөнхий сайдын хэлснээр С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагч руу яриад вакцинд саад учруулчихлаа гэж бодъё. Тэгвэл ердөө гуравхан байдлаар л С.Одонтуяа гишүүн саад учруулсан болж таарах нь. Нэгд, С.Одонтуяа гишүүн Энэтхэг вакцин яг гаалиар орж ирэх гэж байхад нь байцаагч руу нь утасдаад "наадхаа буцаа" гээд буцаалгачихсан. Хоёрд, гаалийн байцаагч нь С.Одонтуяа гишүүнээс "буцаах" үүрэг авангуутаа шууд Энэтхэгийн ЗГ руу залгаад "энэ вакцинаа буцаагаад ав" гээд хэлчихсэн. Эсвэл С.Одонтуяа гишүүнийг гаалийн байцаагч руу вакцинд саад учруулах талаар ярихийг нь Энэтхэгийн тал сонсоод бараг гомдсондоо Монголд буусан вакцинаа аваад харьчихсан. Яг логик дарааллаар нь бодож үзэхэд энэ гурваас өөр хувилбар алга. Эсвэл бүр том юм болсныг нь манай Ерөнхий сайд дахиад "нуучихсан" байж болох юм.

Ерөнхий сайдын дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирээд бас л сонин ойлгомжгүй зүйлс ярьж байгаад буусан. Тэрбээр, "Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт ЗАХИАЛАГЧААР татсан" гэв. Гэтэл сая ч, өмнө нь Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгөөд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгэчихсэн. Энэ хүмүүсийг суллах хэрэгтэй гэх зүйлийг яриад явдаг. Тэгвэл яг энэ үед түүнээс где логик гээд асуучихмаар байна. Түүний хэлснээр Ц.Амгаланбаатар захиалагчийг нэрлэчихээд байгаа юм бол Ц.Амгаланбаатар нарын ял авсан хүмүүс уг хэрэгт холбоотой нь үнэн гэсэн үг. Хэрвээ сайдын хэлдгээр Ц.Амгаланбаатар нөгөө хоёроо гүтгээд хилс хэрэг үүрүүлчихсэн бол Э.Бат-Үүлийг яахаараа Ц.Амгаланбаатарын худал мэдүүлгээр захиалагч байж болзошгүй гээд шалгаад юм бэ. Магадгүй 30 жил хуулийн салбарыг "базчихсан" Ц.Нямдорж сайд л энэ сонин логикоо тайлбарлах байх. Ц.Амгаланбаатарын мэдүүлэг худлаа юм бол Э.Бат-Үүл захиалагч биш. Нөгөө талд Ц.Амгаланбаатарын мэдүүлснээр Э.Бат-Үүл захиалагч нь юм бол Т.Чимэгээ, С.Содномдаржаа нар гэмт хэрэгтнүүд гэсэн утга авцалдаагүй логик дараалал яалтчгүй гарч ирээд байна.

Ингээд болоогүй. Өчигдөр өглөө Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Зүүнбаяны төмөр замыг эхлүүлэх нь зөв ч Ерөнхийлөгч энэ төсөлд хэт оролцсон нь буруу. Ерөнхийлөгчийн тамгын газар 14 зөвлөхтэй л байгууллага. Цаашид энэ төслийг Засгийн газар үргэлжлүүлнэ" гэв. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Хятадын талтай нийлүүлэх төмөр замын зөрлөг дээр оччихсон "Энэ төмөр замаа нийлүүлэх хэрэгтэй. 10 жил гацсан төмөр замыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар гурав маш ойлголцолтой байсан учир 2 жилийн дотор 600 км явууллаа. Өмнөх төрийн өндөрлөгүүд хоёр тийшээ харж суучихаад төмөр замаа явуулж чаддаггүй байсан" гээд хэлэхийг хоёр навчаараа сонссон юмсан. Гэтэл өнөөдөр зөвлөхөөс өөр хүний нөөцгүй Ерөнхийлөгч төмөр зам руу оролцох нь буруу гээд яриад байх юм. Мөн төмөр замыг барих ажлыг яг гардаж хийх эрх нь Ерөнхийлөгчид биш Ерөнхий сайдад л байсан. Засгийн газар, салбарын яам нь энэ ажлын хөрөнгө мөнгийг нь шийдээд, "Эрдэнэс тавантолгой"-гоос өчнөөн мөнгө төгрөг өгөөд байгаагүй юм уу. Тэр ажлынх нь "гал тогоо"-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та тухайн үедээ "барьдаг" байсан бус уу. Бараг оролцох ёсгүй Ерөнхийлөгчийг төмөр замд өөрсдөө оруулчихаад, баахан хамтарч газар шорооны ажил хийчихээд, хэдхэн хоногийн өмнө тэр ач гавьяаг нь магтчихаад өнөөдөр Ерөнхийлөгч оролцсон нь буруу байсан гэдэг чинь бас ямар сонин , хаанахын логик вэ.

Ийм сонин зүйлс сонсохоор л где? логик гэж асуумаар санагдах юм.

Г.Лхагвадорж

Г.Цэцгээ: Өвчтөнийхөө биеийг эмчлэхээс гадна сэтгэлийг нь ч бас эмчлэх юмсан гэж боддог
Г.Цэцгээ: Өвчтөнийхөө биеийг эмчлэхээс гадна сэтгэлийг нь ч бас эмчлэх юмсан гэж боддог
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.