Сонгууль ойртох тусах Монголын улс төр утгаараа "халж" байна. Нэр дэвших процесстой холбоотой маргаан АН-ынхан дунд өрнөж, үүнд нь Ардын нам хүчээр татагдан орж ирлээ. Маргаан уг нь С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын дунд өрнөсөн ч өрсөлдөгчөө "захиалсан" гэх үндэслэлээр АН-ын гишүүд тасралтгүй Ардын намыг буруутгаж байна.
Асуудал даамжирч СЕХ хэрвээ АН-ын нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж авбал талбай дээр өлсгөлөн зарлаад буй гишүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, тэмцлээ эрчимжүүлнэ гээд байгаа. МАН ч хариуд нь мөчөөгөө өгөхгүй "дотоод бузар булай хэрүүлдээ төрийн байгууллага болон бусад улс төрийн хүчнүүдээ чирч оруулах хэрэггүй" гэж гэдийсээр байна.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг үйл ойлголцол тун яаралтай шийдэгдэхгүй бол олныг хамарсан жагсаал цуглаан болон өргөжих магадлалтай байгаа гэнэ. МАН-ынхан Ардчилсан намын гишүүдийн эсрэг хариу өлсгөлөн, жагсаал цуглаан хийхийг үгүйсгэхгүй байгаа аж. Үүнийг нотлох мэт өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар талбай дээр гарч ирж АН-ын гишүүдтэй уулзахдаа "талцал, маргаанаа зогсоож төрийн сонгуульд саад учруулахаа зогсоохгүй бол би өөрөө энд чинь хамт суулт хийнэ шүү" гэж хэлээд оров. Яг тэр мөчид Г.Занданшатар УИХ-ын нийт гишүүдийг биш Ардын намаа төлөөлөн дуугарсан хэрэг.
УИХ-ын даргын уулзалтын араас Ерөнхийлөгч талбай руу гарч "Нэг намын дарангуйлал хэтэрлээ. Олуулаа болсон коммунист намыг би дийлэхээ болилоо. Монгол ялагдаж байна" хэмээн хэлээд орлоо. Үүний дараагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийнхээ хамт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ "Өөрсдийн асуудлаа зохицуулж чадахгүй үүндээ МАН-ыг буруутгаж, олон нийтийн санаа бодлыг бүруу зүйлд уриалсан ажиллагаа нь зогсохгүй бол Ардын нам ч гэсэн жагсаал цуглаан, өлсгөлөн хийж чадна шүү" гэх агуулгыг хоёр ч удаа давтан өгүүлэв. Ч.Отгочулуу тэргүүтэй АН-ын зарим гишүүд ч энэ суулт нь жагсаал цуглаан болж өргөжих вий гэж болгоомжилж буйгаа твиттертээ илэрхийлсэн байсан.
УИХ-ын даргын санаачилсан ажлын хэсгийн уулзалт өчигдөр орой Төрийн ордонд болсон ч талууд төдийлөн ойлцолд хүрч чадалгүй тарсан байна лээ. Ажлын хэсэг байгуулъя гэх зэрэг албан хэдэн үгс хоорондоо хэлэлцсэн юм уу даа гэж анзаарагдам тайлбарыг УИХ-ын дарга бичсэн байна лээ. Энэ уулзалт бол талууд ямар нэгэн зүйл болохоос урьдчилсан сэргийлэхийн тулд ямартаа ч уулзсан шүү гэх агуулгыг л нийгэмд харуулахыг хүссэн зүйл байх. Өөрөөр хэлбэл, хоёр тал бууж өгөх, эсвэл асуудлыг эвээр зохицуулах хүсэлгүй байгаа нь үр дүнгүй уулзалтаас нь шууд "уншигдаж" буй юм. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэрвээ Н.Алтанхуягийг СЕХ бүртгэж авахгүй бол Ерөнхийлөгч өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өөрөө нэгдэнэ гэх зүйлийг Ерөнхий сайдад ҮАБЗ-ийн хурлын дараа сануулж хэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
Эдгээр бүх үйл явдлыг харахад байдал тун ярвигтай болж ирсэн бололтой. Орхоноос эхлээд орон нутгуудад АН-ын гишүүд нь өлсгөлөн зарлаад эхэллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар үргэлжлэх хандлагатай байна. Улс төрийн эх сурвалжууд хоёр тал энэ байдлыг нэн яаралтай шийдвэрлэх талаар онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг тусгайлан онцолж байна. Нөгөө талд нь Ардын нам сөрөг өлсгөлөн зарлавал зарлана гэдэг байр суурийг гишүүддээ мэдэгдэж, "бэлтгэлтэй" байгаа гэх зэрэг мэдээллүүд саарал ордноор "холхиж" байна.
Тиймээс нэр бүхий улстөрчдөд хандаж хэлэхэд жижиг эрх ашиг, эрх мэдлийн төлөө нийгмээ буруу зүйл рүү түлхэхгүй байхыг хүсье. Хэрвээ та бүхний энэ хувийн "тэмцэл" чинь гудамжинд гарвал хэн ч зогсоож дийлэхгүй олныг хамарсан үймээн самуун үүсгэх туйлын өндөр магадлалтай. Учир нь иргэд өнгөрсөн 11 сараас хойш тасралтгүй хөл хорио, ковидын өвчлөл болон төрийн урагшгүй ажилд маш их бухимдалтай суугаа. Мөн иргэдийн эдийн засаг "элгээрээ" хэвтэж санхүүгийн нөхцөл байдал нь нэрмээс болж байна. Энэ үед улс төрийн иймэрхүү хий дэмий "халалт" үүсвэл бухимдсан ард түмэн гараад ирж болзошгүй шүү.
Ядаж байхад өнөөдрөөс хөл хорио суларч эхэлсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж болохыг бодолцож үзэх шаардлагатай. Ард түмнээ талцуулан байж өөд өөдөөсөө улс төрийн өлсгөлөн зарлаж суухаас илүүтэй нэг өдрийн ч өмнө энэ ковидыг давах л бидэнд чухал байна. Хэрвээ бөөгнөрөл, бужигнаан үүсвэл ёстой юун ковид болох нь ойлгомжтой. Тиймээс ухаантай л байж үзээрэй АН, МАН-ын цөс ихт, шунал арвин улстөрчид минь. Амаа бариад ч дийлэхгүй долоон сарын нэгнийг ахиад давтчихав даа. Бусад нь ч яах вэ.
Г.Лхагваа