УИХ-ын дарга Г.Занданшатар цаг гаруйн өмнө өлсгөлөн зарлаад буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар хамтарч ажиллах, улс төрийн өлсгөлөнг зогсоох талаар талууд санал солилцжээ.
Уулзалтад Ардчилсан нам талаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Туваан, Д.Ганбат тэргүүтэй гишүүд оролцсон бол Ардын нам талаас Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд оролцжээ.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсандаа "АН-ын гишүүдтэйгээ уулзлаа. Ажлын хэсэг байгуулж, хамтран ярилцаж, гарц шийдэл олохоор тохиров. Өнөөгийн энэ байдлаас МАН-ын, АН-ын, ардчиллын нэр хүнд л хохирно. Эцэст нь Монгол Улс, Монголын ард түмний эрх ашиг хохирно" хэмээн байр сууриа илэрхийлжээ.