Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Тэдний өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:
“Хамгийн чухал нь бид сонгох сонгогдох эрхийн төлөө энд тэмцэж байна. Бүх улсаараа нэг намын дарангуйлалд орох хэцүү цаг үе бидний өмнө ирлээ. Сонгуулийн ерөнхий хороонд бид материалаа өгсөн боловч нягтлаагүй буцаасан. Бид ядаж нягтлах ёстой гэсэн шаардлага тавьсан тул хүлээн зөвшөөрөөд нягталж үзэхээр болсон байна. Өнөөдөр давж заалдах захиргааны хэргийн шүүх явагдаж байна. Түүний хариуг бас харгалзаж үзэх байх. Нийтдээ нэг хоёр өдрийн ажил байна. СЕХ ажлаа зөв сайн хийх хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүллээ” гэлээ.