Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харь гаригийнхантай тааралдсан дэлхийн хүмүүс

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
5 минут 14 секунд

Хүн төрөлхтөн харь гаригийнхан үнэхээр байдаг эсэхийг хараахан мэдэхгүй хэвээр байна. Саяхан East Anglia их сургуулийн эрдэмтэд бусад гариг дээр оюун ухаант бодьгал оршиж байх магадлалыг гаргажээ. Энэхүү магадлалаар бол ирэх 10 жилийн дотор харь гаригийнхантай уулзах магадлал 2 хувь гэнэ. Тэгвэл харь гаригийнхан дэлхий дээр ирсэн гэх сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

“Foo Fighters”-ын нисгэгчдийг айлгасан нисдэг галан биетүүд

Эдгээр харь гаригийн биетүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн агаарын тулаанд тогтмол оролцож, саад учруулж байсан гэнэ. Гал шиг гэрэлтсэн дагаж нисдэг биетүүд тулааны үеэр “Foo Fighters”-ын нисгэгчдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байжээ. Тэд эдгээр биетүүдийг Галактикийн хүүхдүүд бөгөөд Гитлер болон түүний нөхдийг онилсон гэдэгт итгэдэг байжээ.

Розуэллд сөнөсөн хачирхалтай онгоц

Нью-Мексикийн Розуэллд сөнөсөн хачирхалтай онгоц нь одоог хүртэл тайлагдашгүй нууц хэвээр байна. Зэвсэгт хүчнийхэн эхлээд нисдэг таваг сөнөсөн гэх мэдээллийг задруулсан боловч сүүлд мэдээллээ няцааж, уучлалт гуйсан ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр харь гаригийнхны талаар л бичиж байв. Сүүлд 1978 онд физикч, уфологич Стэнтон Т.Фридман 1947 оны тухайн үеийн хэргийн мөрдлөгийн үйл ажиллагаанд оролцож байсан хошууч Жесси Марселиас сурвалжлага авсан байна. Марсель харь гаригийн биетийн хөлөг онгоцыг засгийн газар нуун дарагдуулсан гэдэгт итгэлтэй байсан гэнэ.

Харь гаригийнханд барьцаадагдсан фермерч эр

1957 онд Бразилийн фермерч залуу Виллас-Боас руу асар том толгойтой жижиг биетэй харь гаригийнхан ирсэн хэмээн ярьжээ. Тэд Виллаш-Боасыг хөлөг онгоцондоо хүчээр оруулсан бөгөөд цусны дээж авч, үл мэдэгдэх гель түрхсэн аж. Удалгүй зууван том нүдтэй шаргал үст эмэгтэй түүнтэй бэлгийн харьцаанд орсон тухай тайлбарласан байна. Эмч нар Боасыг цацраг идэвхт бодисын хордлогод орсон хэмээн баталж байжээ. Гэвч түүний дүрсэлж үзүүлсэн сансрын нисдэг биет ОХУ-ын Спутник пуужинтай төстэй байсан тул худал гэж үзсэн байна. Тэрбээр хуульчийн боловсрол эзэмшиж, дөрвөн хүүхэдтэй болжээ.

Харь гаригийн нисгэгчтэй онгоц осолдсон гэх түүх

Америкчууд 19-р зууны үеэс эхлэж, дэлхийгээс өөр газар амьдрал байж болох эсэхийг судалжээ. Техасын иргэн С.Э.Хейдон өөрт тохиолдсэн нэгэн хачирхалтай ослын талаар бичсэн байна. Түүний бичсэнээр дэлхий дээр үл мэдэх хөлөг осолдсон бөгөөд уг хөлгийн нисгэгч нь харь гаригийн нэгэн байсан гэнэ. Нисгэгчийг нутгийн оршуулгын газар оршуулж, онгоцны хэсгүүдийг худаг руу шидсэн гэжээ. Хейдоний энэхүү түүхийг зохиомол хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр өөрийн амьдардаг газартаа бусдын анхаарлыг татах зорилготойгоор энэхүү мэдээллийг бичсэн байх магадлал өндөр байгаа юм.

Тав хоног хулгайлагдсан мод бэлтгэгч

1975 онд Аризонагийн ойд мод бэлтгэгчдийн баг 22 настай Трэвис Уолтоныг гэрэлтсэн хөх туяа цохиж унагаад тав хоногийн турш алга болсон гэж мэдэгджээ. Тэрбээр үл мэдэгдэх сансрын хөлөгт сэрсэн бөгөөд зугтахыг оролдсон ч ухаан алдаж унаад замын хажууд сэрсэн гэжээ. Тухайн үед түүний түүхэнд олон хүн итгээгүй ч шар хэвлэлийн од болсон байна.

АНУ-ын тагнуулын газрын захирал асан Жон Рэтклиф: UFO үзэгдэх нь улам нэмэгдсэн

UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетүүд АНУ-ын армийн нисэх онгоцнууд, радарууд, хиймэл дагуулуудад ажиглагдах явдал улам бүр нэмэгдэж байгаа тухай Трампын засаг захиргааны үед тагнуулын газрын захирал асан Жон Рэтклиф ярьжээ.Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 22-нд Fox News сувагт ярилцлага өгөхдөө “Олон нийтэд ил болсноос хамаагүй олон тохиолдол бүртгэгдсэнийг би энд хэлмээр байна. Тэдгээрийн зарим хэсгийг л нууцаас ил гаргасан. Тэдний учир шалтгааныг тайлбарлах аргагүй, хөдөлгөөнийг нь дуурайхад бидний технологийн чадал хүрэхгүй хэмжээнд байдаг. Тэд ямар ч чимээ гаргалгүйгээр дуунаас хурдан нисэж чаддаг” гэж ярьсан байна. Рэтклиф тагнуулын байгууллагын цуглуулсан мэдээллийг нээлттэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр албан тушаалаа өгөхөөс өмнө дээрх мэдээллийг нууцаас ил гаргахыг зорьсон ч амжаагүй байна.

А.Мишээл

"Таван толгой" ХК нэгж хувьцаанд 535 төгрөгийн ногдол ашиг тараана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.