“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт” оруулах шаардлагатай талаар Б.Жавхлан сайд танилцууллаа. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; цар тахлын эдийн засаг, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулсан.
Хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ гэв. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь гэлээ.
Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэв. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.