Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг“ гэх АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан жинхэнэ “эзэн“ хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 40 секунд

    АНУ-ын DCI group гэх лобби компани манай Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад оролцох гэж байна гэх мэдээлэл хуульчид болон улстөрчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж байна.

   Өнгөрсөн долоо хоногт уг мэдээлэл анх гарахдаа Ц.Тувааны АН-ын уг компанитай сонгуулийн үеэр хамтарч ажиллах шийдвэр гаргасан гэж буруутгаж байсан юм. Учир нь Ц.Туваан гэх нэртэй гэрээнд шинээр дарга болсон О.Цогтгэрэл нь гарын үсэг зурж баталгаажуулсан байв. Гэтэл одоо уг компани гэрээнийхээ дагуу Ерөнхийлөгчийг төлөөлдөг болоод асуудал бүр заваарч өглөө. Тус компанитай байгуулсан гэрээний хугацаа нь 4 дүгээр сарын 19-нээс эхлээд 6 дугаар сарын 15 хүртэл үргэлжилж байгаа нь яалтчгүй Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдоод байгаа юм. Мөн лобби гэрээний үнийн дүн нь 50 мянган ам.долларын өртөгтэй, хэвлэлүүдтэй хамтарч ажиллахад зарцуулах 100 мянган ам.долларын хөлстэй гэдгийг цагаан дээр хараар бичсэн. Гэвч уг гэрээг нарийвчилж харвал энэ мөнгөн дүн бол зөвхөн эхлэл. Хэрвээ ажлын даалгавар нэмэгдэж, нэмэлт ажил хийгдэх бүрт дахин ам.доллар нэхэмжилнэ. Үүнийг ажлыг 3-10 өдрийн дотор эндээс шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ард түмний тархийг угааж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгөөр мэдээллээ тараах уг гэрээний зөвхөн эхлэл дүн нь 420,000,000 сая орчим төгрөг.

  Уг гэрээг О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны АН-аас сонгуульд зориулж намынхаа PR-г хийхийг санаархаж байгуулсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчинө. Мөн өмнө нь гадныхан манай сонгуульд оролцдог гэж яригддаг болохоос биш яг үүн шиг ил тод баримтаар  болж байгаагүй гэдэг утгаар нь хуульчид маш хүчтэй шүүмжилж байв. Гэтэл утасны үзүүр өчигдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглээд эхэллээ. Манайд шуугиан гарсны дараа foreignlobby.com сайт өнгөрсөн хагас сайн өдөр "Монголын Ерөнхийлөгчийн нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв" гэх нийтлэлийг нийтлэв. Үүндээ "...the Mongolian president’s party буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нам, ...President Khaltmaa Battulga‘s party as the “vanguard of Mongolian democracy”... буюу  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын намыг "Монголын ардчиллын тэргүүн" болгон сурталчлах зорилгоор 4-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын гэрээ хийж хөлсөлжээ" гэж бичсэн байв. Мөн тус компани тайландаа Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон Л.Болд нарын хэлсэн үгээс ишлэл авсан байгаа нь тэмдэглэгдэж үлджээ.

  Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 25-нд АНУ-ын DCI group гэх лобби компанийн "Манай байгууллага МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг" хэмээн Вашингтон пост руу и-мэйл бичсэн нь АНУ-ын Хууль зүйн яамны сайтад тавигджээ. Өөрөөр хэлбэл анх гэрээний талаар гарсан АНУ-ын foreignlobby.com дээр Ерөнхийлөгчийн намыг гэж онцгойлон дурдсан. Мөн сэтгүүлчид рүү явуулсан и-мэйлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг төлөөлдөг гэж дурдсан зэрэг нь "хэрүүлийн алим"-ыг Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын гараас Ерөнхийлөгч Х.Баттулгын "гарт" шилжүүлэв бололтой.

   Хэрэв уг ажлын "захиалагч" нь Х.Баттулга Ерөнхийлөгч юм бол ямар шалтгаанаар гадны лобби компанийг хөлсөлж, улс орныхоо нэрийг гадаад ертөнцөд таагүй харагдуулах болов гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хамтарсан гээд байгаа компани нь сайн гэхээсээ илүү муу нэрийг араасаа дагуулдаг талаар хэвлэл бүр бичиж байна. Тодруулбал, Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажилласан, Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй өнөөдөр цуст бослогод гол буруутан нь гэгдээд буй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан зэрэг дуулианыг араасаа дагуулдаг ажээ.

   Эдгээр мэдээллийн араас иргэд уг гэрээг үнэхээр байгуулсан эсэх болон гэрээний жинхэнэ "эзэн" нь чухам хэн болох талаар ихэд сонирхож байна. Хардагдаад буй нөхдүүд нэн яаралтай уг гэрээг үнэхээр байгуулсан эсэх, байгуулсан бол хэн ямар зорилгоор байгуулсан. Яг ямар ажлыг энэ “DCI group" лобби компаниар хийлгэж байгаагаа тайлбарлах шаардлагатай байна.

Баяр

ТАНИЛЦ: QR код хэрхэн авах ЗААВАР
ТАНИЛЦ: QR код хэрхэн авах ЗААВАР
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.