Лхагва гарагийн өглөө байлдааны сургуулилалтад оролцож байсан Индонезийн тэнгисийн флотын шумбагч хөлөг Бали арлын эргээс 100 км зайд сураггүй алга болсон юм. Хөлгийн багт 53 хүн багтаж байсан ба хүчилтөрөгчийн нөөц нь Бямба гарагт дуусахаар байжээ.
Тэгвэл уг хөлгийг далайн 850 метрийн гүнд живсэн байгааг аврагчид өчигдөр тандалтын төхөөрөмжөөр илрүүлсэн байна. Хөлөг живсэн газрын далайн мандлаас усан цэргүүдийн хэрэглэж байсан эд зүйлс олдсоноос харвал хөлгийн эх биед хагарал гарсан байж болзошгүй гэнэ.
KRI Nanggala-402 нэртэй шумбагч хөлөг 1970-аад оны сүүлээр Германд үйлдвэрлэгдэж, их засварт орны дараа 2012 оноос хойш тасралтгүй ашиглагдаж байжээ.Индонезийн армийнхан шумбагч хөлгийн техникийн нөхцөл сайн байсан гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ далайн мандлаас дизель шатахууны толбо илэрсэн тул хөлгийн шатахууны саванд гэмтэл гарсан байж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.