Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон өдрөөс эхлээд АН-д нэр дэвших сонирхолтой хүмүүсийн дунд "дайн" болж байна. АН доторх өрсөлдөөнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат эхлээд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал зэрэг хүчтэй горилогчид "шидийг" үзүүлцгээж байна. Өөрсдөө зарлах нь зарлаад, хэвлэлээр зарлахыг нь зарлаад л байна. Нам нь болон эрх баригчид нь хүлээн зөвшөөрчихвөл хэн нь ч сунгаагаад өнгөлөөд гараад ирж мэднэ. Ард түмэн сонгох бол дараагийн асуудал.
Гэхдээ өнөөдөр Д.Ганбат гишүүний талаар онцолж түүний улс төрд явж ирсэн хүчтэй замналыг талаар зарим зүйлсийг сонирхуулъя. Тэр бол энэ цаг үед АН дотроосоо тодорсон улстөрч мөн үү, гэвэл мөн. Д.Ганбат гишүүн одоогоос жил гаруйн өмнө шахуу нэгэн цочир ярилцлагыг сэтгүүлд өгч байсан гэнэт санаад орчихлоо. Д.Ганбат гишүүн уг сэтгүүлд яриа өгөхдөө "УИХ-ын гишүүд намайг Ерөнхий сайдад дэвшүүлэхэд нь нэрээ таталгүйгээр Ерөнхий сайд болсон бол АН ч, ардчилал ч, улс орон ч ийм байхгүй байсан гэж боддог доо" гэж ярьж билээ.
Нээрээ л 2014 оны АН-ын бужигнааны үеэр АН-ынхан түүнд тавьсан саналыг хүлээгээд авчихсан бол энэ улс энэ хэмжээнд байгаа ч уу, үгүй ч үү. АН ингэж 11 суудал УИХ-д аваа ч уу, үгүй юу. Харин сайн, муу аль түвшинд гэдгийг өнгөрсөн зүйл учраас тааж хэлэхэд хэцүү юм. Магадгүй бурхан эсвэл чөтгөр л мэдэх байх. Ганц үнэн одоогийнх шиг ээ лав байхгүй.
Түүнийг нэр дэвших талаар мэдээлэл гаргахад сошиалд олон хүмүүс сонирхож, бас шоолж байна лээ. Тийм биш. АН бүтэн, лидерүүд нь бүтэн байсан тэр аймаар улс төрийн хайчин гал дундаас Монгол Улсын Ерөнхий сайдад томилогдохоор нэр нь яригдаад өөрийн хүсэлтээр энэ албанаас татгалзаж байсан хүн шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвших бүрэн дүүрэн боломжтой хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй хүчтэй өрсөлдөгч У.Хүрэлсүхийг ялчих ч юм бил үү хэн мэдлээ. Энэ цаг үед төр засгийн эрх баригчдаас илүү ард түмнийхээ талд ажиллаж харагддаг. Засгийн газар огцорч, ковидын халдвар утгаа алдаж, халдвараар иргэд нас барсан бүхий л хүнд хэцүү үед түүнээс өөр хэн ч иргэдээсээ уучлал гуйж байгаагүй. Харин намынхаа төлөө бөөн бөөнөөрөө гарч ирээд л мэдэгдэл хийдэг юм билээ.
Ямартаа ч Д.Ганбат гишүүн бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдах том улстөрч гарцаагүй мөн. Тийм ч учраас бүхэл бүтэн сөрөг хүчнийг ахлаад энэ хүртэл бараг жил "алхлаа". Хэрвээ нам нь шийдээд Их Хурлаасаа явахаар болвол бүлгийнхээ үйл ажиллагааг дахиад жаахан сайжруулаад яваарай гэж хүсье. Үнэндээ нэг намын ноёлол улс төрд тогтож байгаа энэ цаг үед хүчтэй сөрөг хүчинтэй ус агаар шиг хэрэгтэй байгаа шүү.
Г.Лхагвадорж