Засгийн газрын тооцоогоор энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолно. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд 18 сая орчим тонн нүүрс нэвтрүүлсэн Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээг 23 сая тонн болгож нэмэгдүүлэхээр болсон юм. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой”-н ажилтнаас Covid-19 илэрсэнтэй холбогдуулан хэсэг хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг зогсоосон билээ.
Тэгвэл Гашуунсухайтад зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лаборатори өчигдөр /2021.04.24/ нээлтээ хийжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Хайрхан" багийн төв дээр зөөврийн PCR молекул биологийн лабораторийг ашиглалтад оруулсан байна. Тус лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт нутгийн иргэд, Гашуунсухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох боломж бүрдэж байна.