Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх баримтыг дэлгэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 13 секунд

   УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр /2021.04.23 /  “Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ. Тус баримтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 04-р сарын 12-ноос 06-р сарын 15-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах хүртэлх хугацаанд хэрэгжихээр гэрээлсэн тухай гишүүд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

   “Өчигдөр /2021.04.22 / АНУ-ын Foreign Lobby Report хэмээх Твиттер акаунт дээр “Монголын Ардчилсан нам АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган долларын гэрээ байгууллаа” гэдэг мэдээлэл гарсан юм.

2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй аман тохиролцоо явж ирсэн. Үүнд сонгуулийн үеэр улс төрийн намууд гадна, дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө авахгүй. Сонгуулиа өөрсдөө хийж байхаар тохирсон. Энэхүү тохиролцоо нь тус гэрээгээр эвдэгджээ. Foreignlobby.com вэб сайттай  Foreign Lobby групп АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол гэрээгээ хавсаргаж бүртгүүлдэг. Тухайн яамны National Security Division буюу Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэхүү гэрээ гарч ирсэн. Хамгийн ойлгомжгүй зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Туваан  “Энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэдэгдлээ.

Нэгдүгээрт, Ц.Туваан гишүүний өмнөөс хэн гарын үсэг зурав? Хоёрдугаарт, гэрээний гол зорилго нь ойлгомжгүй байна. Учир нь Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, Тусгаар тогтнолыг дэмжих гэсэн зорилготой гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний учрыг олоход хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтээс туслахыг хүсч байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

   “Foreign Lobby Report нь АНУ-ын лобби байгууллагуудтай хийсэн бүх гэрээг ил болгож, маш олон хууль бус лоббиг илчилдэг байгууллага юм. Тус байгууллагын вэб сайтад Ази болон бусад улс орны авлигын сүлжээтэй холбоотой улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби байгууллагуудыг хөлсөлж хууль зүйн болон бусад дэмжлэг авсан маш олон баримтыг дэлгэж тавьсан байна. Тухайлбал 2021 оны хоёрдугаар сарын 1-нд  “Монголын улс төрч, уул уурхайтай холбоотой авлигын асуудалдаа лобби байгууллага хөлсөллөө” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэрээг ил болгожээ. Мөн Мьянмар улсад төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхэнд хоёр сая долларын лобби гэрээ хийсэн баримтыг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр вэб сайтдаа тавьсан байна. Монголын улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон байдаг. Гэтэл Ардчилсан намын энэхүү гэрээгээр 50 мянган долларын үйлчилгээ хийлгэхээс гадна, хэвлэл мэдээллийн зардал нь нэмэгдвэл ойролцоогоор 280 мянга орчим долларын гэрээ хийгдэж Монголын ард түмний тархи угаахад энэхүү мөнгийг зарцуулахаар харагдаж байна. Ардчилсан нам үүнд албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүсч байна” гэв. 

МАН Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ
МАН Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.