Ерөнхийлөгч Х.Баттулга эзэн Чингис хааны хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Уг мэдэгдлийн гол хэсгүүдийг бид тоймлон та бүхэндээ хүргэж байна.
Тэрбээр, мэдээлэлдээ "МАН нь эгэл жирийн иргэдийн эсрэг ажилласан. Улсын бүрэн эрхт байдлыг бусинуулсан. Өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгож байгаа тул энэ намыг татан буулгах тухай та бүхэндээ мэдэгдсэн билээ. МАН-ын энэ ажил нь цэрэгжсэн бүтцээр дамжуулан сонгуулийн сурталчилгаа, санал худалдаж авах ажлыг хийх магадлалтай юм. Төрийн эрх мэдлийг хувийн эрх ашигтаа ашиглаж буй энэ бүх бусармаг зүйлийг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол бүрэн эрхийнхээ хүрээнд надад олгогдсон эрх билээ. Төрийн нийт албан хаагчдаа би Монгол Улсынхаа төрийн тэргүүний хувьд МАН-ын дарангуулагчдаас салахыг зорьлоо. Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хуулиар хамгаалах эрх эрх чөлөөнд уриалан дуудлаа. Хууль та бүхнийг намын дарамтаас бүрэн хамгаална. Тангаргаа сахиж ард түмэндээ үйлчлэх эрхээ санаж хичээгээрэй. Эрх баригчдаа, МАН-ын эрх мэдэлтнүүдээ миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн эрхлэсэн ажлын хүрээнд МАН-ыг тараах нөхцөл шаардлага бүрэн бүрдэж байгааг дахин зарлан мэдэгдэж байна. МАН улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх үйл ажиллагааг зөрчиж, явуулж ирснийг надаас гадна олон иргэд шаардлага гаргаж байжээ. Өнөөдөр төрийн эрх мэдлийг булааж эзэрхийлсэн, улс төрийн намыг хэн зогсоох вэ. Энэ бурангуй нөхцөл байдалд ард түмний хэн хамгаалж өгөх вэ. Энэ бол бүх ард түмнээс мандат авсан надад түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Монгол Улсын төрийн алба МАН-ын дарлалд ороогүй бол үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах тагнуул, цагдаагийн байгууллага хууль зөрчсөн үйлдлүүдийг тогтоох ёстой.
Би төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө хувьд гаргасан баримт нотологоонуудыг Улсын Дээд шүүх хэлэлцэх ёстой. Монгол улс өнөөдөр эдийн засаг, оюун санааны гол буруутан нь МАН мөн. Монгол Ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрх байхгүй. Хуульд намыг тараах найман заалт байдаг. МАН энэ заалтуудыг зөрчиж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх орон нутгийн засаг дарга нарыг цэрэгжсэн холбооныхоо бүтэцэд оруулсан. Ингэхдээ Ардчилсан нам ялсан аймгуудын дарга нарыг үүндээ оролцуулахгүй байна.
Удаа дараа хэлж сануулсаар байтал вакцин худалдаж авах хөрөнгийг улсын төсөвт хариуцлагагүйгээр суулгасангүй. МАН-ын үйл ажиллагаатай шууд холбоотой эдгээр үйлдэл, үйл ажиллагааны баримтуудыг би нээлттэйгээр танилцуулж УДШ-д хүргүүлнэ.
Монголчууд мөнх тэнгэрийнхээ дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. Мөнх төрийн ивээл дор ахуй төр минь бүү алдраг ээ. Монгол Улс, үндэстэн мөнхөд оршиж, Монголын ардчилал ашид мандан бадрах болтугай" гэлээ.
Л.Баяр