УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"Өнөөдөр Монголын парламентад олон намын тогтолцоо нэвтэрснээс хойш 30 жил өнгөрч байна. Төрт ёсны сүүлийн 30 жилд байгаагүй ийм улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг шийдвэрлэх гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил гаруй болж байна. Монгол улсын Үндсэн хууль бол монголын ард түмний Үндэсний зөвшлийн тунхаг юм. Үүний үр дагаврыг анх удаа хэлэлцэж. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүндлэн биширч, хуулиа дээдэлж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц өнөөдөр ямар байдалд хүргэснийг та бид харж байна. Цэц хууль тогтоогчоос гаргасан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага боллоо. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна" гэлээ.