Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигчийн эрэлд “мордсон“ АН ба З.Энхболд “зорьсондоо“ хүрсэн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 48 секунд

      Цэцийн шийдвэрийг МАН-ын "бүдүүн бүлэгтэй" дуун дээр нь хүлээгээд авчих байх. За, ингэснээр улс төрийн шинэ тоглолт жинхэнэ утгаараа тайзнаа гарна. Ардчилсан намаас 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг ТОМ ТУЛААН албан ёсоор эхэлнэ. Х.Хүрэлсүхтэй өрсөлдчих хэн нэгнийг хайж, сайн дурынхан ажилдаа орно. Ийм зүйл болохыг мэдээд өөрсдийн хүнээ нэр дэвшүүлэхээр С.Эрдэнэ, Х.Баттулга нар намаа хоёр хуваачихсан.

Ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжит хувилбар З.Энхболд уу

     Энэ нөхцөл байдлыг эртнээс зурагласан "инженер"-ийг З.Энхболдыг хэмээн саарал ордноор аль эртнээс "бор шувуу" нисээд эхэлсэн. Хэрэв тийм бол З.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд ороод ирэхийг үгүйсгэх газаргүй. Эх сурвалжуудын хэлж буйгаар хамгийн магадлалтай хувилбар нь тэр. АН хоёр салсан. Ц.Тувааны талын АН-ын хурал цуглаан, сонгуулийн үйл явцыг удирдаж байсан эрхмүүдийг ажиглахад "гарын хүн" гэгддэг З.Нарантуяа тэргүүтнүүд нь О.Цогтгэрэлийг сонгох сонгуулийг удирдаж, гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн О.Цогтгэрэл ялалт байгуулж Ц.Туваанаас АН-ыг тал "бөөрийг" авахдаа Ерөнхийлөгчийн "хүн" гэгддэг П.Нүрзэдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Хэрэв үнэн бол З.Энхболдын тоглолт О.Цогтгэрэлийн АН-д бас л явагдаадж эхэлж. Хэдийгээр Ерөнхийлөгчөө мурьж, хаанаасаа илүү хаалгач гэдэг үгийг өөрөөрөө үлгэрлэсэн гэгдээд буй ч мань эрийн төрөлхийн залжин бөгөөд тооцоолох ухаан Х.Баттулгаас утсаа тасдалгүй үлдээсэн байх магадлалтай. Хүч хавсраад сонгуульд амжилт гаргавал АН-ыг бүхэлд нь Х.Баттулгад "өргөн" барих "ач" хариулж мэдэх л хүн. Ийм тохироо явж гэмээн түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших замыг нь шуудхан засна. Энэ бүгдээс харахад З.Энхболд Ерөнхийлөгчид явах хамгийн магадлалтай ДҮР. Магадгүй энэ тохироог Ерөнхийлөгчтэйгөө аль 2020 онд хийсэн байхыг ч үгүйсгэх. Гэхдээ өөрийнхөө зуурсан бантанг "идээд" байх нь харагдах өнцөгөөсөө хэр юм бол доо.

 С.Эрдэнэ  АН-аас Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл хоёрын нэгийг дэвшүүлж мэднэ

        М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН хэрвээ хүнээ дэвшүүлбэл Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл нарыг зүтгүүлэх бодлоготой байгаа гэнэ. С.Эрдэнийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын удирдлагуудтай ойлголцчихсон гэж улс төрийн хүрээнхэн ярих болсон. Тиймээс саяхан У.Хүрэлсүхэд хандаж "баярлалаа" нтр гэж тал зассан биз. Мэдээж эцсийн эцэст аль Ардчилсан намын нэр дэвшигчийг бүртгэж сонгуульд өрсөлдүүлэхийг Сонгуулийн Ерөнхий Хороо л шийднэ. Мэдээж эрх барьж буй намд ийм зүйл хийчих боломж хангалттай бий байх. Ц.Оюунгэрэлийг ХҮН-аас дэвшүүлэх хувилбарыг МАН-ынхан далдхан зураад, үүнийгээ Т.Доржханд тэргүүтнүүдэд санал болгоод буй. Учир нь ХҮН-ээс нэр дэвшсэн хэн ч АН-ын саналыг хуваана. Ялангуяа Ц.Оюунгэрэл нэр дэвшсэн тохиолдолд бүр хорон хуваана. Харин "Үүл баатар"-ын хувьд Ерөнхийлөгчид зүтгэх бус Нийслэлийн АН-аа "базах"-ыг илүүд үзэж буй гэх. Ер нь мань хоёр кандидатын хэн нь ч дэвшсэн бай нэр дэвших нь бараг 1000 хувийн магадлалтай байгаа У.Хүрэлсүхтэй өрсөлдөөн өрнүүлж чадахгүй. З.Энхболд байсан ч амжихгүй л болов уу.

 АН гэнэт ухаан орж нэгдвэл Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нарыг нэгийг илгээх магадлалтай

        Тэс өөр нэг хувилбар байна. Хэрэв сонгуулиас өмнө амжиж АН ухаан орвол энэ хувилбар байж болох гэнэ. Энэ нь С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нар нэг эрх ашиг дээр нэгдэж намаа буцаагаад нэг нам болгоно гэсэн үг. Хэрэв тийм үйл явдал болбол АН-ынхан азаа үзээд бүх бооцоогоо тавиад сонгуульдах замыг сонгоно. Арай илүү ачаалал даагаад У.Хүрэлсүхтэй хүч үзчих боломжтой хүнээрээ тэд "хонгил" Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, зөрүүд, гөжүүд Р.Амаржаргал гэсэн гурванээс сонгох хувилбар зуржээ. Лу.Гантөмөр бол АН-ын чимээгүйхэн лидерүүдийн нэг. Муу, сайн нэр ховор ч нэг л лидерийн дүрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй нэгэн. Гэхдээ л боломжийн кандидат. Мөн Лу.Гантөмөртэй О.Цогтгэрэлийн талынхан хачин жигтэйхэн "ойрхон" байгааг намынхан нь хүртэл гайхаад эхэлчихсэн гэсэн. Р.Амаржаргал өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд явахаар хоёр ч удаа дотоод сонгуульдаа үзэж байсан. Ялангуяа 2017 оны сонгуульд мань эр дотроо их тэмүүлэлтэй байсан ч Женко-д дайруулчихсан. Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын харилцаа тун эерэг гэж улс төрийн хүрээнхэн ярьдаг. Хадаггүй л болохоос бараг л багш шавь гэнэ. Тиймээс зөвшилцөл ажил хэрэг болбол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг дэмжих магадлалтай. Арчдилсан нам угаасаа алиагаа алдах тоолондоо гөжүүд, зөрүүд, өөрийн үзэл бодолтойгоо "дуусдаг" Р.Амаржаргалдаа "хадаг тавьдаг". С.Эрдэнэ ч гэсэн өнгөрсөн парламентын сонгуулиар өөрийгөө онигоонд оруулан байж, Р.Амаржаргалд "хадаг тавьсан" Монголоороо л нэг шоолсон.

Аль АН-аас хэн нэр дэвшихийг "захиалагч" л мэднэ дээ...

        АН-ын эвлэрлийн сүүлийн бөгөөд энэ нөхцөлд байж болох best хувилбараар "хонгил" Н.Алтанхуяг. Эрдэнэтээс бие дааж гарч ирээд УИХ-д өнгөрсөн хугацаанд бие даагчийн дүрээр АН-д "үйлчилж" байгаа хүн. Хүний хувьд хийтэй ч, ажлыг бол умалзуулдаг гэсэн. Ерөнхийлөгч ямар Ерөнхий сайд шиг ажлыг умалзуулаад байх шаардлагатай ч биш дээ.  Мань эр АН-ынхаа аль ч төрд нүүртэй. Бас хэл амаа ололцож, тохироо гүйлгэхдээ гаргууд нэгэн. Х.Баттулгатай ойрхон, саяхан хүртэл чуулган дээр өмөөрч хамгаалж харагдана лээ. Улс төрийнх нь зөвлөх байсан хүн. Ц.Тувааны АН-аас намын даргад нэр дэвшиж өөрийгөө ардчиллалдаа үнэнч шүү гэдгээ зарласан. Нөгөө талд С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүдтэй хуучны л харилцаа сайтай байсаар ирсэн. Тиймээс их эвлэрлийн хувилбарт арай илүү магадлалтай нь Н.Алтанхуяг. Гол нь сонгуульд орлоо гэхэд бусдыгаа бодоход Н.Алтанхуяг хамаагүй илүү үзэгчдийн дэмжлэгтэй.

      Ер нь бол аль АН-аас нь хэнийг дэвшүүлэхийг эрх баригчид буюу тулаанд орох У.Хүрэлсүхийн талынхан л шийдэх нөхцөл байдал бүрдчихлээ. Хэдэн хэсэг хуваагдсан АН энэ боломжийг МАН-д хүссэн хүсээгүй олгочихлоо. Н.Энхбаяр өрсөлдөхдөө Ц.Элбэгдоржийг "захиалж", М.Энхболд нь Х.Баттулгыг "захиалж" сонгууль хийсэн гээд С.Баяр номондоо биччихсэн байсан. Одоогийн Ерөнхий сайд ч "Х.Баттулгыг та хэргээс мулталж, АН-аас захиалж өрсөлдөө биз дээ" гээд М.Энхболддоо хэлж харагдсан. Тиймээс эрх баригчид өрсөлдөгчөө нэрлэж, захиална. Аль АН нь тэдний хүсэлд нийцэх амархан "боорцог" илгээнэ, тэр хүнийг нь СЕХ бүртгэх байх. Эсвэл МАН-ын тоглолтоос Х.Баттулга, С.Эрдэнэ зугтаж Ц.Элбэгдоржийг хүртэл оролцуулсан том эвлэрлээр АН буцаад нэг нам болж нэг хүнийг дэвшүүлэх гарц. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдоржид ч, Х.Баттулга Ерөнхийлөгчид ч эрсдэлтэй "бооцоо". Ялагдвал "яагаад хүчтэй хүн илгээв" гээд МАН уурлана. Хэрэг бүхэн хөвөрнө....

Г.Лхагваа

 

ЦЭЦ: Хөшигний ард юу болоод Ц.Нанзаддорж
ЦЭЦ: Хөшигний ард юу болоод Ц.Нанзаддорж "бултахад" хүрэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.