ҮХЦ-ийн дунд суудлын хурал хойшилсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
"Ерөнхийлөгчийн нөлөө УИХ-ын чуулганы танхимд байдаг юм байна гэсэн хувь хүний дүгнэлт авсан. Хэрэв та на нар энэ асуудлыг шийдэхгүй юм бол би иргэнийхээ хувиар ҮХЦ-д хандана гээд энэ асуудлыг тавьсан. Яагаад гэвэл сонгууль бүрийн өмнө өөрсөддөө зориулж дүрмээ зохиодог байдлаа өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлаа эртхэн хуулийн дагуу шийдээрэй гэсэн байр суурийг гурван сарын өмнө тавьсан. Харамсалтай нь шийдэл, шийдвэр байхгүй. Хуралдаж чадахгүй, хуралдах гэхээр цаанаас нь нөлөөлөөд байна.
Хоёрдугаарт, энэ мэдээллийг гаргаснаараа ҮХЦ гэдэг яаж ажилладаг байгууллага юм, эрх мэдэлтэй хүмүүс яаж нөлөөлдөг гэдгийг нийтэд харуулж ойлгуулж байгаагаараа үр дүнтэй алхам боллоо. Эцэст нь хэлэхэд, ҮХЦ-ийн гишүүдээ та нар хуулийнхаа хүрээнд нэр төртэй бай, хуульч гэдэг ёс зүйгээ үндэслээд хэн эрх мэдэлтэн даргаас үл хамаараад шийдвэрээ гарга. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчөө та өөрөө л дэвшиж байвал бусад нь хамаагүй гэсэн байр суурьтай байж болохгүй. Бид хуулиа хүндэлдэг төрт ёстой ардчилсан нийгмийг хүсэж байна. Бид хэн нэгэн хувь хүн, намаас үл хамааран энэ асуудлаар тууштай тэмцэнэ" гэлээ.