Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргын сунгаа: “Сумтай“ тавын дүү “Эвтэй“ дөрөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 55 секунд

Ардчилсан намын даргын сунгаа хийхээр болж, нийт гишүүдээрээ сонгуулж, шинэ даргатай болох мөч ойртсоор. Тэгвэл энэ сарын 7-нд намын даргад нэр дэвшигчдийг бүртгэхэд нийт 18 хүн материалаа ирүүлснээс хоёр хүнийг нь бүртгэж авахаас Дотоод сонгуулийн хороо татгалзсан. Харин үлдсэн 16 нэр дэвшигч сонгуулийн зардлаа хуваан төлж, өрсөлдөх дээр санал нэгдсэн билээ. Тэгвэл иргэдээс идэвхтэй хандив татаж 94 сая төгрөг 24 цагийн хугацаанд цуглуулж чадсан хадагтай Ц.Оюунгэрэл эцсийн мөчид нэрээ татсан бололтой.

Одоогоор намын даргад өрсөлдөх дөрвөн хүн үлдээд байгаа юм байна. Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нар сунгааг үргэлжлүүлэхээр болсныг эх сурвалж хэллээ.

Намын даргад 16 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсний дараа сонгуулийн зардлыг тооцож үзээд 93 сая төгрөг нэг хүнд ногдох болсон. Үүний дараа нэр дэвшигч Т.Энхсайхан хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Нэр дэвшигчид нэрээ татах бүрд нэг хүнд ногдох мөнгө ихсэх төлөвтэй байгаа. Тиймээс би нэрээ татлаа” хэмээсэн байсан. Тэгвэл дөрвөн хүн өрсөлдөхөд ойролцоогоор нэг хүн 250 сая төгрөг гаргах болох нь.

Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Эхний ээлжид сонгуулийн зардал болох 93 сая төгрөгийг нэр дэвшигчдээсээ дансаараа дамжуулаад авсан байгаа. Сонгуулийн хугацаанд дөрвөн нэр дэвшигчид  маань нэгдээд бусад зардлыг хандив хэлбэрээр босгоно" хэмээн ярилаа. Тэгэхээр нэг хүний гаргах төлбөр 93 сая төгрөгөөс илүү байх нь тодорхой болов. 

Түрүүчийн удаа АН-ын даргын сунгаанд таван хүн өрсөлдөж, нэг хүн 250 сая төгрөг гаргаж байсан билээ. Тэднээс С.Эрдэнэ намынхаа гишүүдийн олонхийн саналыг авч ялалт байгуулж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Ямартаа ч өндөр босготой намын сунгаанд дээрх 4 эрхэм тунаж үлдсэн байна. Тэднийг ямар албан тушаал хашиж байсныг зах зухаас нь танилцуулъя.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

Тэрбээр 1998 онд ТИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсч, “Тэсо” ХХК-аа байгуулан захиралаар ажиллажээ.

2012-2015 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж, 2015-2017 онд Увс аймгийн АН-ын дарга, 2015-2020 “Тэсо” корпорацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын гишүүнээр сонгогдсон аж. Улс төрийн хүрээнд байсан хугацаа болон түүх нэмгэн ч бизнесийн салбараас улс төрд орж ажиллаж буй хүмүүсийн төлөөлөл юм.

Нийслэлий АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа

Унаган хотын хүү Нийслэлийн тэргүүний 1 дүгээр дунд сургуулийг төгсч, Монгол Бизнес Дээд Сургуулийг эдийн засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалавр зэрэгтэй дүүргэжээ.

Тэрбээр 2004-2012 онд  “ЦЭНАН” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2012 он  Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл , экологийн асуудал хариуцсан Орлогч дарга, 2012-2017 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2017 оноос  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажилла байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон.

Унасан хүн ууртай гэгчээр Нийслэлийн АН-ыг толгойлж орон нутгийн сонгуульд орсон ч цөөнх болсон билээ. Одоогоор тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

Намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. 2017 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Мөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед хэвлэлийн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах албаны даргын албыг хашиж байлаа.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон ч намын даргын төлөө өрсөлдөнө гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон гэдэг. 25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.

Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээс өмнө хүмүүс МАН-ын гишүүн хэмээн хардаг байв. Харин тэрбээр 2016 онд нэр дэвшихийнхээ өмнөхөн л Булган аймгийн АН-аас гишүүний үнэмлэхээ гардаж байсан.

Коронавирусний халдвартай 76 настай иргэн нас баржээ
Коронавирусний халдвартай 76 настай иргэн нас баржээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.