Коронавирусний халдварын улмаас ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр нас баржээ. Энэ тухай Доктор А.Амбасэлмаа: "Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-д нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байсан нэг хүн нас барсан.
Тухайн хүн коронавируст халдвар батлагдсан цагаас хойш 21 дэх хоног дээрээ эмчлүүлж байсан бөгөөд олон эрхтэний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барлаа" хэмээн Эрүүл мэндийн мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Мөн тэрбээр "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар ойрын болон хоёр дахь хавьтлын 500 гаруй хүн байгаа нь халдварын эрсдэл өндөр байгааг илтгэж байна.
Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдэхийн зэрэгцээ ахмад настнуудын өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэл бий болж байна.
Тиймээс иргэд өөрсдийн үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй" хэмээн сануулав.
Өнөөдрийн байдлаар 732 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 180 хүн, Цэргийн төв эмнэлэгт 190 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 348 хүн, Завхан аймагт 2 хүн тус тус эмчлэгдэж байна.