Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хангах нь” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХЭҮК-ын Тамгын газрын дарга, Доктор Ч.Алтангэрэл, БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа нар оролцлоо.
-ГЭРТЭЭ ИНТЕРНЕТГҮЙ УХААЛАГ УТАСГҮЙ БАЙХ НЬ СУРЧ БОЛОСРОХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ХЭРЭГ-
“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: “Сурч хөгжихөд зарцуулж байгаа мөнгийг зарлага гэж битгий хараач ээ. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа гэж харах хэрэгтэй. Гэртээ интернетгүй ухаалаг утасгүй байх нь сурч болосрох эрхийг зөрчиж байна гэж үзэж болно. Хүн сурах эрхээ эдлэхэд төрөөс саад учруулж болохгүй. Сургуульд явах нас нь хүрчихээд байхад сургахгүй байгаа эцэг эхчүүдэд төрөөс хариуцлага тооцдог байх ёстой. Баян-Өлгий аймагт амьдардаг хүүхдүүдийг эх хэлээрээ хичээл үзэхийг хуульчлах шаардлагатай. Дэмжих арга хэмжээг авах үүрэгтэй” гэлээ.
-ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙН ҮЕД НЭГ ХИЧЭЭЛИЙГ ДӨРВӨН ЦАГ ЗААДАГ БОЛ ТЕЛЕ ХИЧЭЭЛД 20 МИНУТААР НЭГ УДАА ЗААЖ БАЙНА-
БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: “Зайн хэлбэрээр хичээл орж байгаа үед боловсролын чанар хүртээмжтэй байлгах олон арга туршиж байна. 2019-2020 онд 75 өдөр, шинэ хичээлийн жил буюу 2020-2021 оны нэг, хоёрдугаар улиралд 51 өдөр нийт 126 өдрийн танхимын сургалтын үйл ажиллагаагаа явуулсан.
Дэлхийн улс орнуудтай харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлтэд орж байна. Тухайн цаг үедээ тохирсон боломжит арга хэмжээнүүдийг БШУЯ-аас авч хэрэгжүүлсэн. Хамгийн хүртээмжтэй хувилбар телеьизийн хичээл байсан.
Ердийн үед танхимаар хичээл орж байхад бага ангид 750 орчим суралцахуйн зорилт, дунд ангид 1200 орчим, ахлах ангид 1400 орчим нийтдээ 14200 цагийн хичээл болж, танхимаар заагддаг. Цар тахлын үед ТV хичээлд шилжүүлэхдээ 5000 орчим цагийн хичээл болгосон. Танхимын хичээлийн үед нэг хичээлийг дөрвөн цаг заадаг байсан бол теле хичээлд 20 минутаар нэг удаа зааж явуулж байгаа. Зайн сургалтын үед эцэг эхийн үүрэг оролцоо нэмэгдсэн” гэв.
-ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЛЦЭЭ ХАНГАЛТГҮЙ, ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ ГАРЧ БАЙНА-
ХЭҮК-ын Тамгын газрын дарга, Доктор Ч.Алтангэрэл: “2020 онд ХЭҮК иргэдээс 790 гомдол хүлээн авсан. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс буюу цар тахлын халдвар тархаж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш ковид ба түүнтэй холбоотой 141 гомдлыг хүлээн авсан. Үүнээс сурч боловсрох эрхийг хөндсөн асуудлаар 9 гомдол ирсэн. Цар тахалтай холбоотой сурч боловсрох эрх зөрчигдсөн гомдлууд дээр ямар асуудлыг хөндөгдсөн байгааг дурдвал “Цахим хичээлийн хүрэлцээ хангалтгүй, хичээлийн хоцрогдол гарсан. Мөн хичээл сургалт зохион байгуулахдаа ихэвчлэн фэйсбүүкийг хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхэд бүр фэйсбүүк хаягтай болох шаардлага үүссэн нь хүүхэд дэлгэцийн хамааралтай болох, цахим орчинд хүүхдийн эрх хамгаалал зөрчигдөх асуудал үүсгэж байна” гэсэн асуудал гарсан.
Их дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд байгаа. Иргэдийн орлого багассантай холбоотойгоор сургалтын оюутны сургалтын төлбөр төлөхөд асуудал үүсч, хүүхдээ сургуульд сургаж чадахгүй хичээл ном нь тасалдах, сургалтын бичиг баримтаа авч чадахгүй барьцаалагдах зөрчлүүд ирлээ” гэсэн юм.