УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат шүүхийн байгууллагад суллагдах хүсэлтээ гаргасан байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2021.02.26/ 12:00 цагт түүнийг суллах эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан болох юм.
Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгахаар болсон. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдож байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.