Дэлхий нийтийг цочроосон коронавирусний анхны голомт БНХАУ-ын Ухань хот өнөөдрөөс нэг жилийн өмнө онц байдал зарлан хөл хорио тогтоож байв. Тэр үед дэлхий нийтээр Ухань хотын төлөө залбирч байсан бол өнөөдөр дэлхийн бүх улс оронд коронавирусний цар тахал бүртгэгджээ. Халдварын улмаас ихэнх орнуудад одоог хүртэл хөл хорио тогтоосон байгаа бол Ухань хот амьдралын хэвийн горимд шилжсэн цөөн хотуудын нэг болжээ.
Цар тахлын анхны голомт Ухань хотод өнөөдрийн байдлаар нийт 68000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн ба 4500 гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Гэсэн хэдий ч тус хотод бизнес, аялал жуулчлал дахин сэргэж, хотын иргэд хэдийн хэвийн амьдралд шилжжээ.
Дэлхий даяар 100 сая хүн цар тахлын халдвар авсан ба 2 сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусний гарал үүслийг судлахаар Ухань хотод энэ сарын 14-нд анх удаа очсон ба мэргэжилтнуудийн дүгнэлт хараахан гараагүй байна.
БНХАУ-н эрх баригчид уг өвчний тархалт нь Ухань дахь далайн бүтээгдэхүүний зах зээлтэй холбоотой гэж мэдэгдэж байсан боловч баттай эх сурвалжийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байна.
Ухань хотод халдвар авсан иргэдэд зориулж 1500 ортой Лейшеншань эмнэлгийг 12 хоногийн дотор барьж дэлхий нийтийг гайхшруулж байсан. Тус эмнэлгийн барилгын ажлыг хоёрдугаар сарын 8-нд эхлүүлсэн ба хоёрдугаар сарын 20-нд ашиглалтад орсон. Эмнэлгийн үйл ажиллагаа ердөө нэг сар хагасын хугацаанд үргэлжилж дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор хаалгаа барьжээ. Өөрөөр хэлбэл Ухань хотод халдварын тархалтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сар гэхэд хумьж дуусгасан байна.
Ухань хот нь 8494 км2 газар нутагтай ба 9,7 сая гаруй хүн амтай хот аж. Зуны улиралд дунджаар 33о C-ийн халуун байдаг бол өвлийн улиралд дунджаар 0о C-ийн хүйтэн байдаг.
ДЭМБ-ын судлаачдын баг цар тахлын гарал үүслийг тодорхойлохоор БНХАУ-д нэвтрэх зөвшөөрлийг өнгөрсөн оны энэ үеэс эхлэн хүссэн боловч тодорхой шалтгаан хэлэлгүйгээр тус улсын Засгийн газар хориглосоор байжээ. Нэг жилийн турш хүсэлт тавьсны эцэст энэ сарын 14-нд ДЭМБ-ын судлаачдын баг БНХАУ-д очсон билээ.