Хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж II улирлын хичээл сургалтыг цахим, теле хэлбэрээр эхлүүлэх юм.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга О.Ням-Очир: "Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан хоёр, гуравдугаар сард нийслэлд ерөнхий боловсролын сургалтыг танхимаар явуулахад маш болгоомжтой хандаж байна. Мөн цаг уурын байгууллагын мэдээлснээр, хоёрдугаар сард их хүйтэн байх учир ханиад томууны дэгдэлтийг цар тахлын үед нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Түүнчлэн өвөлжилтийн их эрсдэлтэй 11 аймаг, тэр дундаа 89 сум, эрсдэлтэй 152 сум байна. Үүнд 11 мянга гаруй өрх отроор өвөлжиж байгаа. Эдгээрт цэцэрлэг сургуулийн насны 20 мянган хүүхэд бий. Тэгэхээр танхимын сургалт эхэллээ гэхэд удалгүй цагаан сарын бүх нийтийн урт амралт эхэлнэ. Өвөлжилт хүндрэлтэй бүс нутгийн хүүхдүүд богино хугацаанд хичээлдээ явах, удахгүй бүх нийтийн амралтын өдрүүдэд гэр рүүгээ буцахад хүндрэл үүсэж болзошгүй байна. Тиймээс хоёрдугаар улирлын хичээлийг цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх талаар УОК, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ. Дараа нь танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс үү, хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх үү гэдгийг албан ёсоор олон нийтэд мэдэгдэнэ.
Ногоон бүс болсон аймаг, сумуудад давтлага хичээл орохыг зөвшөөрч байгаа" гэв.