Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: Жижүүрээс намын ДАРГА хүртэл дэвшсэн, 32 дахь “Ерөнхий сайд“ Л.Оюун-Эрдэнэ

Ангилал
Facelook
Огноо
Унших
14 минут 52 секунд

Монгол Ардын намын шинэ даргаар сонгогдсон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Facelook-ийг бэлтгэн хүргэж байна. 1980 онд төрсөн тэрбээр 21 настайдаа Хэнтий аймгийн Бэрх сумынхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллажээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "21 настайгаасаа өдийг хүртэл 10 хоног тайван амрахгүйгээр зүтгэжээ" гэсэн байна. Мөн түүнийг намын даргаар томилогдох Бага хурлын өмнө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Жижүүрээс намын дарга хүртэл явж байна" гэж тодорхойлоод амжсан билээ. Ер нь түүн шиг хурдтай карьер хийсэн улстөрч бараг л байхгүй. Ингээд түүний "завгүй" түүхтэй танилцана уу...

Л.Оюун-Эрдэнэ 1980 оны 6 сарын 23-ны өдөр төржээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгийн Бэрх тосгонд өссөн.

Аав ээжээс хоёулаа. Ээж нь хөгжимчин, аав нь зураач.

Таван нас хүртлээ хэл ороогүй хүүг гэрийнхэн нь тусгай сургуульд сургахаар төлөвлөж байхад нь түүний өвөө “Миний хүүгийн сонсгол зүгээр юм чинь заавал ярих ёстой” хэмээн яриулах гэж уйгагүй оролддог байжээ.

Түүний анх хэлсэн үг “Бороо орж байна ээж ээ”. Тэрбээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Аварга тосон рашаан дээр очсон байх үедээ ийнхүү хэлд орсон байна.

Л.Оюун-Эрдэнэ: Би өвөө дээрээ өссөн. Өвөө маань Бэрхийн сүсэгтний холбооны тэргүүн, лам хүн байлаа. Батноров сумын Шадивдаржаалин хийдийн хамба лам хүн байсан. Миний өвөө миний өнөөдрийнх хүртэлх амьдралыг бүтээсэн хүн. Одоо ч хүүтэйгээ хамт байгаа гэдэгт би итгэдэг.

1980-аад оныхонд бүгдэд нь иймэрхүү найзуудын зураг бий л биз дээ...

МҮОНРТ-д “Охид хөвгүүд” нэвтрүүлэг хөтлөдөг байсан. Гэхдээ 10 жилд сурч байхдаа нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ.

Дунд сургуульд байхад надад хамгийн ихээр тусладаг байсан хүн бол ангийн минь охин Туул. Туул бид хоёр бага ангиасаа найзалж, наймдугаар ангиасаа үерхээд, оюутан байхдаа гэрлэж, хоёр хөөрхөн хүүтэй болсон. Эхнэр минь олны өмнө гарч, нэр хүнд хөөх дургүй хүн. Намайг гишүүн болсноос хойш манай өрөөнд нэг ч удаа ирж үзээгүй.

Хоёр хүү маань хоёулаа хоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн учраас найзууд минь намайг “Төлөвлөгөөтэй аав” хэмээн хочилдог.

Конкурс өгөөд МУБИС-ийн Спортын сэтгүүлчийн анги авсан ч спортын сэтгүүлч болмооргүй байсан учраас өөрийнхөө хүндэлдэг Дармын Батбаяр багш дээрээ очиж “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орсон.

Нэгдүгээр курст ордог жил Туулын төрсөн дүү насбарж, би хотод, Туул сумандаа нэг жил амьдарсан. Тэр үед л Туулаас өөр бүсгүй миний зүрх сэтгэлд байхгүй гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн дээ...

Их сургуулийн дипломоо гардан аваад байсан үе...

“Бэрс” дээд сургуулиас “гоо зүй” хэмээх томоос том ойлголтыг олж авсан. Миний хувьд гоо зүй гэдэг бол Алсын хараа...

Сургуулиа төгсч сумдаа очоод Тамгын газрын галчаар 10 хоног ажилласан нь ажлын гарааг эхлүүлсэн түүх юм. Энэ бол ажил голж шилдэг эсэхийг минь шалгасан шалгуур байсныг хожим мэдсэн.
2006 онд Нутгийн миний Лхагваа дарга утсаар ярьж “Миний дүү өөрийнхөө төрсөн нутагт ирж надтай хамт ажиллахгүй юм уу” гэсний дагуу 21 настайдаа Бэрх сумынхаа Засаг даргын тамгын газарт ажиллах боломж гарсан.

21 насандаа Бэрх сумынхаа сургуулийн захирлыг, хичээлийн эрхлэгчтэйгээ дагуулан Улаанбаатарт ирж Дэлхийн зөн байгууллагын суурин төлөөлөгч Уоррэнтэй уулзаж, бэлдсэн итгэлээ танилцуултал өмнөөс нь “Чи хэдэн настай вэ, ямар ажил хийдэг вэ” гэх асуулт асуусан байна. 21 настайдаа Засаг даргын тамгын газрын дарга хийж, сумынхаа сургуульд олон улсын төсөл хөөцөлдөж явсан түүнд Уоррэн санал тавьж, Хэнтий аймаг дахь Дэлхийн Зөнгийн салбар болох Хан Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн багийн ахлагчаар ажиллаж эхлэв.

2005 он бас миний хувьд сонин он байсан. Маш их сорилттой мөртлөө маш олон юм бас болж өнгөрсөн. Хэзээ ч мартагддаггүй нэг тийм жил байдаг даа, хүний амьдралд. Тэр үед би 25 настай байлаа. Өвөө маань 2005 онд хүнд өвдөж, удалгүй бурхны орондоо явсан. Өвөөтэйгөө хамт, өвөөгөөсөө өөр ертөнц бараг мэдэхгүй шахам өссөн миний хувьд энэ явдал маш том цохилт болж байсан л даа. Миний амьдралын хамгийн чухал хүн байсан.
/Тэрбээр 2015 онд өөрийн пэйж хуудсаа нээсэн бөгөөд пэйждээ энэхүү 2005 оны зургаа хамгийн анх оруулж байжээ/

2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж “Баянзүрх-нэг зүрх” аяныг санаачлан эхлүүлж байсан нь улмаар сонгуулийн кампанит ажлын уриа болж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулж байв.

2005 онд “Алсын хараа” номоо бичиж 2016 онд 10 дахь хэвлэлтийн баярыг хийсэн. Ном худалдаанд гарсан даруйдаа бэстселлэрээр олон удаа шалгарч байв.

2015 онд “Азийн хүлэг улс” номоо бичсэн.

“Мөрөөдөл таны хүсч байгаагаас илүүг өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бидний амьдрал, залуу нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу Үе Та!!!“

Ардын намын залуу лидер
2009 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Намын нэрээс эхлээд олон түвшинд шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй байгаа ойлгосон залуу "Агенда 6" хөтөлбөрийг санаачилсан юм. 2010 онд намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож “Би бодохдоо”, “Анхаа Хулангийн асуудал“, “Залуу манлайлал" үндэсний хөтөлбөр, “Залуус хөгжлийн төв”-ийг байгуулж байв. 2015 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх үед залуучуудын байгууллагын насны хязгаарыг 35 хэвээр байлгах байр сууриндаа бат зогссон.

2011 онд Нарийн бичгийн даргаар, 2012 онд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан.

Дуучин Базарсадын Болдбаатартай насан багаас нөхөрлөсөн анд...

2012 онд их хурлын сонгуульд АН ялалт байгуулсны дараа Харвард Кеннидийн их сургуульд төрийн удирдлагаар мастерт сурч эхэлсэн. Манай улсаас эл сургуулийг өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа дүүргэсэн байдаг бол ийнхүү Л.Оюун-Эрдэнэ төгсснөөр тус сургуулийг төгссөн хоёрдох хүн боллоо хэмээн тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Д.Гантулгын хувьд бол миний олон жилийн өмнөөс таньдаг хуурай дүү маань. Д.Гантулгад авах сайн чанарууд олон байдаг. Саяхан надтай ах дүү нар нь орж ирж уулзаад Оюун-Эрдэнээ чиний ярьдаг шударга ёс Д. Гантулга дээр л үйлчиллээ дээ. Бусад нь хаана байна гэсэн. Энэ үгийг сонсоод би бүтэн хоёр шөнө унтаж чадаагүй...

2016 онд УИХ-ийн сонгуульд нэр дэвшихэд хүргэсэн шалтгаан бол өнөөдрийн нийгмийн байдал байсан. Би мөрийн хөтөлбөрөө ХҮН-АЖИЛ-МАЛ гэж тодорхойлно.

"Бусадтай жишихэд Л.Оюун-Эрдэнэ төр түмний төлөө зүтгэх ачаагаа бусдаас эрт үүрч, эрт сэдсэн нэгэн билээ... Өөрөөр хэлбэл итгэл даахтай болж эрийн цээнд, төрийн цээнд хүрсэн "Шинэ хүн" яах аргагүй мөн..." Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Ерөнхийлөгчийн сонгууль бол хүнд сонгууль байсан. Манай монголчуудын нөгөө нэг Сталин хүүд таван морь өгье, Гитлерт хоёр морь өгье гэдэг ерөнхий философи дандаа л үйлчилж байсан шүү дээ...

Л.Оюун-Эрдэнэ: "Дэлхийн Зөн"-д ажиллаж байхдаа нэг клип хийлгэх гээд Б.Баатартай уулзаж байв. Харахад нэг л төстэй нөхөр өөдөөс адилхан стильтэй юм яриад байх сонин л санагдаж байсан. Гэхдээ тухайн үед ах дүү гэдгээ мэдээгүй л дээ. Бүр хожим өвөө маань тэнгэрт халихийн өмнөхөн Б.Баатар бид 2 ах дүүгээ мэдэлцэж байсан юм. Ах маань удам залгасан урлагийн хүн. Надад авъяас бол байхгүй. Би зүгээр л урлагийг бага сага мэдэрдэг хүн.
Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж би боддог юм.

Хамгийн хүнд үед ах маань л байдаг. Учир битүүлэг өвдөж, хөл гэнэт гишгэж болохоо байчихаад хүмүүст шоолуулан шоглуулан явж байхад ах маань л намайг үүрээд эмнэлэг рүү явж байлаа. Намайг чинь Баатар ахаас өөр хүн өргөж дийлэх ч үгүй шүү дээ. Ахынхаа нуруун дээр нь үүрүүлчихээд, аахилж уухилаад явж байгааг нь харах тэр мэдрэмж бол зүгээр юугаар ч илэрхийлж болохгүй тийм дотоод ертөнцөд болдог зүйл юм билээ. Ахдаа би хайртай. Авьяасаа уртын юманд л зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч явдаг даа.

2019 оныг 2017, 2018 оноос салгаж харж болохгүй л дээ. Ордон дотроос би зөндөө орилсон байхгүй юу. Улаан цайм шударга биш байгаа, Монгол орныг маш хүнд байдалд оруулчихаад ерөөсөө хариуцлага хүлээхгүй замхарч алга болдог нэг тийм найрааны байдал...

2019 он бүхэлдээ намайг ажил хэргийн орчноос харуулсан он болсон. Зөвхөн тэр тавцнаас л би харагдаж байсан. Жагсаал хийгээд л, тэмцэл хийгээд л... Их Хурлын даргаа огцруулаад л... Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах боллоо. Нэг талаасаа албан тушаалын төлөө байсан юм шиг ч ойлгогдсон байж магадгүй. Хэтэрхий олон талтай үйл явдлуудын дунд ажиллалаа.

У.Хүрэлсүх дарга "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чамд би үүрэг өгч байна. Ярьж, мөрөөдөж байсан зүйлээ одоо хий. Хугацаа богино байгаа ч чамд боломж байгаа. Одоо яриад байгаа шударга ёсоо өөрөө тогтоо. Надтай хамтарч ажилла" гэж хэлсэн...
/ЗГХЭГ-ын даргаар томилогдон тамгаа хүлээж авч буй мөч/

2019 он. АТГ-ын гадаа: Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэг шийдэгтэл би чуулганд суухгүй”

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр...

Скандал: Сайхан хүүхэн хараад санаа алддаггүй эр хүн бол зөвхөн би энэ тэр гэж худлаа ярихгүй ээ. Ё.Нямжавтай холбоод л бичих юм. Манай залуучуудын холбооны ёстой муухан эрээс илүү бүсгүй шүү. Надаар оролдож болноо, гэхдээ зүгээр явж байгаа эмэгтэй хүнийг битгий оролд. Өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа нэг хувь хүн.

Чингис хааны өв соёлын дэргэдэх “Андлалын өргөө” цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг гаргасан бол уг төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачилсан байдаг.

"Андлалын өргөө"-ний барилгын ажил эхлэх үеэр... уг төсөл хэрэгжихэд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

Би яаж ч хичээгээд У.Хүрэлсүх эсвэл Г.Занданшатар гэдэг хувь хүн шиг байж чадахгүй шүү дээ. Харин би Л.Оюун-Эрдэнэ шиг л байж чадах байх.

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл...

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоход У.Хүрэлсүх “Ард түмний, нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж байгаарай” гэж захив

Монгол Улсын Ерөнхий сайдын дүрээр МАН-ын шинэ даргын албан тушаалд томилогдоод Бага хурлын гишүүддээ хандаж үг хэлж буй Л.Оюун-Эрдэнэ. Монголын улс төрд түүнийг аравхан жилийн дотор үсрэнгүй карьер хийсэн хүн байхгүй.

Х.Нямбаатарыг шүүгчдийн нэр хүндэд халдсан эсэхийг шалгуулахаар АТГ-т хандлаа
Х.Нямбаатарыг шүүгчдийн нэр хүндэд халдсан эсэхийг шалгуулахаар АТГ-т хандлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.