Монгол Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан Зам, тээврийн хөгжлийн яаманд цахимаар боллоо. Монгол Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан.
Улаанбаатар төмөр замд цар тахалд өртөх эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын ажлын байр, албан тушаалын судалгааг гаргаж, нэмэлтээр 6256 ажилтныг PCR-ийн давтан шинжилгээнд хамруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас төмөр замын төв эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын 2 ширхэг аппарат авч суурилуулж бэлэн болголоо. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 117.880 ажлын байр, 5,240,543 м2 талбайд, 567 галт тэрэг, 27,990 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.