Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, НААБЗХГ-ын Г.Цогтсайхан “Туул 1” коллекторын 4-р ээлжийн шугамын хэсэгт ажиллалаа.
Ажлын хэсэг Улаанбаатар хотын бохир усны “Туул 1” коллекторын хамгаалалтын зурвас газрын газар чөлөөлөлт, шугамын угсралтын явцтай танилцаад, нэмэлт хөрөнгө мөн газар чөлөөлөлтийг нарийвчлан судлаж, шийдэн, шугам сүлжээний угсралтыг эрчимжүүлэхээр болов.
Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Туул 1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм.
Тухайн хэсэгт одоогоор бохир усны шугам угсралтын 1100 метр урттай шугамын угсралт, бохир усны найман ширхэг худаг хийжээ.