УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.
Хуулийн төсөлд, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр боловсруулсан. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр гишүүд “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.