-Өнгөрөгч өдрүүдэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Смарт эко транс" гэх компани болон тэдэнд хууль зөрчиж, давуу байдал бий болгосон ЗГ, холбогдох албан тушаалтнуудын талаар ноцтой баримтуудыг олон нийтэд ил болгов. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь 2022 оны ЗГ-ын тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон явдал юм. Тэгвэл эл мэдээлэл цацагдсаны дараагаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж байсан нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа тухайн үед эл асуудлын эргэн тойронд ямар процесс өрнөсөн талаар мэдээлсэн юм. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Терминал логистикийн албаны даргаар ажиллаж байсан Э.Баатарцогттой холбогдож, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд та өөрийгөө бидэнд товч танилцуулахгүй юу?
-Намайг Э.Баатарцогт гэдэг. Би "Эрдэнэс Тавантолгой" компанид 2018 оноос 2022 оны хооронд ажиллаж байсан. Хамгийн сүүлд би ЭТТ ХК-ийн терминал логистикийн албаны даргаар ажиллаж байсан. Нүүрсний хулгайн асуудлын үеэр ажлаасаа халагдсан хүн байгаа юм аа.
-Та хэзээ ажлаа өгсөн гэсэн үг вэ?
-2022 оны 12 дугаар сард гэсэн үг шүү дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоох үеэр компаниас 70 хүнийг нэгэн зэрэг халсан. Манай албыг татан буулгасан. Тухайн үед 10 албыг татан буулгасан юм. Санаж байгаа бол Сангийн яамны ТНБД Ж.Ганбат гэдэг хүн БЭТ-ээр очсон шүү дээ. Тэр үед олон хүнийг зэрэг халж байгаа болохоор эргээд нөхөн олговор олгох эсэх гээд асуудал хүндэрсэн. Бидний асуудлыг одоо хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар авч хэлэлцээгүй. БНМАУ-ын буюу 1991 оноос өмнөх хуулиар нөхөн олговор, тэтгэмж олгохгүйгээр 300 хүнийг халчихсан юм билээ. Яг нэгэн зэрэг халсан нь 70 хүний асуудал байсан юм. Тэгээд бид Үйлдвэрчний эвлэлд хандаж, шүүхээр ч явсан л даа. Миний хувьд гурван шатны шүүхээр явсан.
-Ер нь яагаад энэ асуудлыг цахимдаа нийтлэх болсон юм бэ?
-Яах вэ. Би терминал логистикийн албаны даргаар жил гаруй ажилласан учраас энэ асуудлыг сайн мэдээд байна л даа. Тиймээс энэ чиглэлээрээ иргэнийхээ үүргийг биелүүлээд тухайн нөхцөл байдал дээр ямар асуудал болж байсан гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулаад мэдээлсэн. Тэгээд та бүхэнд хүрсэн байх.
-Хоёулаа нүүрсний үнэ ба хилийн нэвтрүүлэлтийн бодлого, ЭТТ-н ковидийн үеийн бодит түүх, боломж ба саадын талаарх агуулгуудаа дэс дараалалтай яриад явья. Нэгдүгээрт, ЭТТ дээрх хилийн нэвтрүүлэлтийг сайжруулах төсөл гэж та дурдсан байсан. Юун түрүүнд энэ төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Та энэ төсөл дээр хэр хугацаанд ажилласан бэ?
-Би энэ төсөл дээр ковидын дараа буюу 2021 оны нэгдүгээр сард очсон. Цар тахлын дараа нөхцөл байдал хүндрээд хилээр машин олж гарах асуудал маш бага болсон шүү дээ. Нүүрсний экспорт багассанаас болоод улсын төсөв ч хумигдсан. ЭТТ ХК зөвхөн олборлогч компани. Энэ утгаараа нүүрс тээврийн үйл ажиллагаа, богинын тээвэр, хил нэвтрүүлэлт чиглэлд үйл ажиллагаа явуулдаггүй. Авто тээврийн газар, Сангийн яамны харьяа Боомтын захиргаа, зөвлөл гээд байгууллагууд хариуцдаг. Нэг ёсондоо квот тогтоох, хэнийг оруулж гаргах, аль компанид хэдэн хувийн тээврийн квот өгөх гэх мэт асуудлуудыг Сангийн яамны харьяа Боомтын захиргаа мэддэг байсан. Уртын тээврийн С зөвшөөрлийг АТҮТ мэдэж байсан шүү дээ. Тэгээд С зөвшөөрөл, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог байсан.
Тухайн үед нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 40 их наяд төгрөгийн асуудал үүслээ, энэ их мөнгө хаана ингэж эргэлдэж, хэн хулгай хийсэн бэ гэдэг асуудал яригдаж байсан шүү дээ. Цар тахлын дараа нүүрсний эрэлт нэмэгдэж үнэ огцом өсч, ерөнхийдөө 250 ам.долларт хүрч байлаа шүү дээ. Гэтэл тээвэр логистикийн асуудал хүндрээд эхэлсэн байхгүй юу. Уртын тээвэр дээр нэг тонныг нь 10+ юань гэж л яриад байдаг юм. Гэтэл хил нэвтүүлэлт хүртэлх 20-хон км газарт тээврийн үнэ нь нүүрснээсээ үнэтэй болсон байхгүй юу. Уурхайн ам дээрээ 60-80 ам.долларт гарч байхад хилийн нэвтрүүлэлтийн 20-хон км-ийн тээврийн үнэ нүүрснээсээ үнэтэй байсан. Уртын тээвэр нь маш хямдхан. Гэтэл богинын тээвэр нь 100-120 доллар хүртэл өссөн байхгүй юу. Тэгээд энэ бүх мөнгө нүүрс олборлож байгаа хэсэг дээрээ биш яагаад 20 км зайд эргэлдээд байгаа юм бэ гэсэн чинь тэнд үнийн нугалаа үүсээд замыг нь боодог, ашгийг нь хүртдэг гадаад, дотоодын бүлэглэлүүд байгаа нь тодорхой болсон. Би энэ асуудлыг терминал логистикийн албанд ажиллахаасаа өмнө мэдээгүй. Тэнд орж ажиллаад, нөхцөл байдал дээр юу болдог вэ гэдгийг ойлгож авсан.
Тухайн үеийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн санаачилгаар бид олборлогч компанийн хувьд хилийн цаана эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ хүргэж өгөх шаардлагатай юм байна гэж харсан. Яагаад гэвэл бид зөвхөн нүүрс олборлогч биш. Дунд нь зуучилж байгаа компаниудыг давж харьцах ёстой, дэлхийн зах зээл дээр гарах ёстой гэдэг зорилго тавиад энэ албыг байгуулсан юм. Ийнхүү хилийн нэвтрүүлэлтийг сайжруулах жолоочгүй тээврийн төслүүд, дүүжин тээврийн төслүүд гээд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад хүний оролцоогүйгээр яаж нүүрсээ гаргах талаар бид ТЭЗҮ-г боловсруулж байсан. Тухайн үед энэ яригдаад байгаа "Смарт эко транс" гээд компани Гашуунсухайтад 7 га билүү газар авсан байсан. Бид гайхаж л байсан. Яагаад 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй ЭТТ компанид өгөөгүй газраа хувийн компанид өгчихдөг юм бэ гээд. Тэгээд Ж.Ганбат дарга "Смарт эко транс" бол маш хүчтэй яригдаж байгаа компани ба энэ компанид хүний оролцоогүйгээр нүүрс гаргах энэ хэсгийг өгөх нь зүйтэй гэдэг зүйлийг ярьж байсан. Би нэг хурал дээр сонсож байсан юм. Би баримттай зүйл ярьж байгаа болохоор болсон процессуудыг л нарийвчилж яриад байгаа шүү. Яг үнэндээ гадаад, дотоодын нүүрсний картель бүлэглэлүүд хил дээр сууж нүүрсэнд хяналт тавиад, боомтын зөвлөл, боомтын захиргаа нь тэдэнтэй хамтарч бизнес хийдэг юм байна гэж би харсан.
-"Смарт эко транс" компанитай холбоотой асуудлаар Б.Энхбаяр сайдад хандаж байсан ч ноцтой хүлээж аваагүй. Гэтэл 4 жилийн дараа энэ асуудал дахин гарч ирж байна шүү дээ-
-Нэг ёсондоо хил богинын тээврийн үнэ өссөн нөхцөл байдал дээрээс улбаалж та бүхэн хүний оролцоогүйгээр нүүрсний хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх төслүүдийг санаачлаад явж байсан байх нь. Гэхдээ одоо энэ ажлыг "Смарт эко транс" гүйцэтгээд явж байгаа гэж ойлгож болох уу. Агуулга нь?
-Тийм ээ. Зөв. "Смарт эко транс" биднийг энэ төслөө хэрэгжүүлж байх үед газар хөөцөлдөж байсан. Бид ч бас газраа хөөцөлдөж байсан. Яагаад гэвэл тэнд чинь үйл ажиллагаа явуулах шаардлагатай хил холболтын төмөр зам нь холбогдоогүй, цар тахлын үе эхэлчихсэн, өдөрт 30-хан машин хилээр гарч байгаа учраас төсөв бүрдэхгүй, нүүрсээ зарж чадахгүй байсан үе. Заавал хамар залгиураас нь шинжилгээ авч байж гаргана гэдэг ч юм уу. Нөхцөл байдал хүндэрсэн үе байсан болохоор хүний оролцоо байх шаардлагагүйгээр конверээр, үүлэн тээврээр эсхүл жолоочгүй тээврээр гаргах гээд олон төрлийн технологиудыг нэвтрүүлэх судалгааг хийж байсан байхгүй юу. Тэр үед нь Ж.Ганбат дарга "Смарт эко транс" компанийг маш хүчтэй яригдаж байгаа гэдэг агуулгаар дэмжиж гаргаж ирсэн байх.
Надад хардах эрх бий шүү дээ. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын компани. 8 байршил дээр "Смарт эко транс" компани нүүрс, алт, зэс гаргах экспортын бүх эрхийг хил дээр хянаж, өөрийнхөө замаар гаргах ажлуудыг авсан гэж ойлгосон. Энэ нь ч сая Б.Энхбаяр сайдын мэдэгдлээр батлагдлаа. ЗГ-ын тогтоолоор "Смарт эко транс" компанид тэр газрыг өгсөн юм байна.
Бодит байдал дээр одоо ч ЭТТ ХК олборлогч компани шүү дээ. Олборлогч компани хэвээр нь байлгаад байгаагийн гол шалтгаан нь эцсийн хэрэглэгчтэй уулзуулахгүй байх явдал. Олборлогч, эцсийн хэрэглэгч хоёрын голд нөгөө ашгаа хийдэг ченжүүд, нүүрсний картелууд, гадаад дотоодын бүлэглэлүүд нэмээд манай эрх мэдэлтнүүд байгаа л гэж бодож байгаа. Энэ нь юугаар батлагдаж байгаа юм бэ гэхээр, ковидын үед нүүрснээсээ илүү хил дээрх үнэ маш өндөр болчихсон. Цаана 250 доллароор авъя гээд хятадын хэрэглэгч нар байгаад байдаг. Гэтэл наана нь хил дээр нь боож базчихаад байдаг. Үүнээс нь болоод Гүйцэтгэх захирал хийж байсан Б.Ганхуяг чинь Сангийн яамыг АМНАТ авлаа гэж шүүхэд хүртэл өгч байсан. Мөн "Энержи Ресурс" гээд том одоо өрсөлдөгч байна. Төмөр замаа булаацалдана, замаа булаацалдана, тээврийн квотоо булаацалдана гээд. Төр, хувийн хэвшлийг хооронд нь алалцуулаад хаячхаж байгаа байхгүй юу. Тэгээд "Энержи ресурс"-тэй ч, Сангийн яамтай ч асуудал үүссэн. Яагаад ЭТТ заавал хилийн цаана гаргах логистикийн асуудлаа шийдэх гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг маш их тавьж байсан. "Та нар зүгээр л олборлолтоо хий. Бусад квот, тээвэрлэлтийн асуудлыг төрөөс зохицуулна гэдэг шахалтуудыг үзүүлж байсан.
Хамгийн гол асуудал нь АМНАТ. Энэ татварыг хилийн цаана гаргасан үнээр ЭТТ компаниас авч байсан. Нэг ёсондоо дэлхийн зах зээл дээр нүүрс ямар үнэтэй байна түүгээр нь тооцож АМНАТ-өө авдаг байсан гэсэн үг. Тэгэхээр компанийн гол зорилго чинь хилийн цаана гаргахын тулд уртын тээвэр, богинын тээвэр, хилийн нэвтрүүлэлтийн төслүүд дээрээ өөрсдийн бүтцийг бий болгохгүй бол нүүрснээс үнэтэй тээвэр бий болчхоод байна аа л гэсэн юм. Маш энгийн зүйл. Ямар ч хүн ойлгоно шүү дээ. Тэгээд энэ зорилго нь буруудсан юм уу эсвэл тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлыг хөндсөн байх гэж би боддог.
-Сангийн яамнаас тодорхой шахалтууд ирж байсан гэдгийг та яриандаа дурдаж байна. Тухайлбал?
-Биднийг халсны дараа тодорхой албадуудыг бүгдийг нь байхгүй болгосон. Тэр терминалын төслүүдийг зогсоосон. Магадгүй төрийн компани маш хүчтэй байгаа болохоор магадгүй Гашуунсухайт дээр терминалыг байгуулж мэднэ гэж бодсон байх. Тэгэхээр энд бүлэглэлийн хүчтэй нөлөө орж ирсэн байх. Тэгээд БЭТ Ж.Ганбат манай төслийг зогсоосон. Ямар ч хэрэггүй төсөл гэж тодорхойлсон. Өмнө хэлсэнчлэн АМНАТ-ийг хилийн цаадах үнээр тооцож авч байсан гэсэн шүү дээ. Нүүрс амнаасаа 60-аас 80 ам.доллароор гараад байдаг. Гэтэл хилийн цаана 250 ам.доллар болчихсон байна гэдгээр тооцож аваад байсан. Энэ бол нэг шахалт. Тэгээд энэ үндэслэлээр Б.Ганхуяг захирал Сангийн яамыг шүүхэд өгсөн. Энд зөрчилдөөн үүсэж байгаа биз. Яагаад төрийн компани төрийн байгууллагаа шүүхэд өгдөг юм гээд л.
Хэрэв терминалаа барьчихдаг юм бол 3,4 сая иргэн хувьцааг нь эзэмших ёстой. Төмөр зам байгуулсан ч хувьцааг нь эзэмших ёстой. Ер нь ЭТТ компаниас монголын ард түмэн хувьцаа эзэмших ёстой байхгүй юу. Зөвхөн төр биш.
Сангийн яамнаас үзүүлж байсан дараагийн шахалт бол уртын тээврийн квот. Тухайн үед 800 машин гаргаж байсан ч түүнээс нь 600-г нь гаргадаг ч юм уу. Эсвэл 400. Уг нь Хятадтай тохирсон квот нь 600 байгаад байдаг. Гэтэл тэндээс ЭТТ ХК-д өгч байгаа квот нь 200 гэдэг ч юм уу. Ийм байдлаар квотоор боодог. Мөн жижиг Тавантолгой компанид 15 хувийн квот өгчхөж байгаа юм. Өдөрт 800 машин гаргах ёстой байлаа гэж бодоход түүнийх нь 15 хувийг жижиг Тавантолгой компанид, 25 хувийг нь Энержи ресурс, үлдсэн 60 хувийг нь манайд өгч байгаа юм. ЭТТ чинь монголын бүх иргэний компани шүү дээ. Гэтэл энэ компани яахаараа 60 хувийн квоттой, улсын төсвийг бүрдүүлж байж хувийн компаниудтай шахцалдаж хилээр гарах ёстой юм. Энэ мэтчилэн дарамтууд "Энержи ресурс" компаниас ч, Сангийн яамнаас ч ирж байсан. Энэ бол нүүрсний картелуудын л явуулга л даа.
-Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очих үед "Смарт Эко Транс" гэх энэ компани энэ төслийг авчихсан байсан юм уу. Аваагүй байсан юм уу?
-Төсөл хэрэгжүүлэх газраа хөөцөлдөж байсан. Би өмнө яриандаа дурдсан. Ж.Ганбат энэ компанийн нэрийг нэг хурал дээр амнаасаа унагаж байсан. Ингэхдээ ковидын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор жолоочгүй тээврийг нэвтрүүлэхэд хэд хэдэн компани ТЭЗҮ боловсруулж байгаа юм билээ. Энд хувийн компаниуд ч байгаа. "Смарт эко транс" компани бараг бүх юмаа хэмжчихсэн, хүчтэй яригдаж байгаа гэж хурал дээр ярьж байсан. Би тэр хурал дээр сууж байсан учраас үүнийг хэлээд байгаа юм. Энэ хүнд дээрээс чиглэл өгсөн үү эсхүл өөрийнх нь хамаарал бүхий компани юм уу. Х.Нямбаатарын ч хамаарал яригддаг. Тэгээд ч Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа ЗГ-ын тогтоолыг нь бэлтгэж, хуралдаанаар оруулж батлуулсан. Энэ нь баримтаар тогтоогдчихоод байгаа шүү дээ. Тэгэхлээр БЭТ Ж.Ганбат, Х.Нямбаатар нар шууд оролцоотой гэж би бодож байна.
-Хамаарал гэдэг дээр таниас асуух зүйл байна. Та өөрийн бичсэн постдоо "Смарт эко транс" гэх компанийг Х.Нямбаатарынх гэж бичсэн байсан. Та үүнийг өөрийн хардах эрхийн хүрээнд хэлээд байна уу. Эсхүл ЗГ-ын хуралдаанд тогтоол оруулсан гэдэг агуулгатай нь холбоод ингэж яриад байна уу. "Смарт эко транс" компанийн улсын бүртгэлийг аваад үзэхэд Гүйцэтгэх захирлаар нь Бальдар Батнасан гэдэг хүний нэр байна. Б.Энхбаяр сайдын зүгээс энэ компани нь Хэнтий аймгийн харьяат, Баянмонгол хорооллыг барьсан компанийн захирлын компани гэж хэлээд байгаа. Тэгэхээр Х.Нямбаатарын компани гэдгийг яма нотлох баримтаар хэлээд байна вэ гэдгийг л тодруулах гээд байгаа юм?
-Тийм ээ. Би дараа нь сураг тавьж байгаа шүү дээ. Энэ "Смарт эко транс" гэх компани яагаад гараад ирэв гээд. Хүмүүсийн яриагаар л яриад байна л даа. Тэгээд дээрээс нь өөрөө тогтоол оруулсан. Бид тухайн үед Терминал хөгжлийн газраас нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний газар олгооч гэж ява байхад "Смарт эко транс" гэх компани ч явж байсан. Өөр хэд хэдэн хувийн компаниуд ч байсан. Би нэрийг нь санахгүй байна. Хамгийн гол нь, хувийн компани газар авч болоод төрийн компани яагаад газар авч болоогүй юм бэ. Миний мэдэхээр бид 10 гаруй удаа хүсэлтээ өгсөн. Ийм хэмжээний газар олгооч, энэ газар дээр чинь төсвийг бүрдүүлж буй төрийн компани төслөө хэрэгжүүлээд эцсийн хэрэглэгчтэй холбогдмоор байна гэж хэлээд бүтээгүй байхад хувийн компани газар авсан. ЭТТ ХК эцсийн хэрэглэгчтэй холбогдох шаардлагатайг Х.Нямбаатар сайд мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэгсэн хэр нь ЗГ руу тийм тогтоол барьж орсон. Энэ чинь хилтэй холбоотой асуудал учраас бүх яамдаар баталгаажуулах ёстой шүү дээ. Тэгэхээр маш хүчтэй нөлөөллөөр дамжуулж энэ асуудлыг бүтээсэн гэдэг хардлага төрж байгаа юм.
-ЭТТ газраа хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдсөн гэсэн байсан?
-Тийм ээ. Хоёр жил. Жишээ нь, терминал логистикийн алба 2023 оны нэгдүгээр сард байгуулагдаад 2024 оны 12 дугаар сард татан буугдсан байдаг. Албанд орсон цагаасаа л наад газрын асуудлыг чинь хөөцөлдөж эхэлсэн. Бид олон зөвлөх инженерүүдийг авч ирж, олон шийдлүүдийг гаргаж, бүх яамдуудад хүсэлт өгч байсан. Тэгсэн хэр нь бидний ажил нэг л урагшгүй байгаад байсан байхгүй юу. Яагаад явц урагшгүй байсан учир нь одоо л тайлагдаж байна. Тийм болохоор хувь хүнийхээ хувьд маш их уур хүрч байна.
-Тухайн үед та бүхний зүгээс хүсэлтдээ хэдэн га газар авах хүсэлт тавьж байсан юм бэ?
-Манайх эхлээд 7 мянган га газрын хүсэлт тавьж байсан юм. Зөвхөн Гашуунсухайт дээр шүү дээ. Тэгээд 7 мянган га боломжгүй гэхээр нь бууруулаад 1500 га болгосон. Дараа нь Ханги дээр бас тодорхой хэмжээний газар хүсэж байсан юм. Техник эдийн засгийн анхан шатын судалгаануудыг хийж байсан юм.
-Тэгэхээр төрийн компани энэ хил нэвтрүүлэлтийн төсөл дээр тодорхой технологиудаа оруулаад ажилласан бол тодорхой үр өгөөж нь монголын эдийн засагт орж ирэх байсан байх. Та алдагдсан боломж дээр ямар зүйл хэлж чадахаар байна вэ?
-Бид анхан шатны боловсруулсан ТЭЗҮ-ээ ЭТТ ХК-ийн бүх удирдлагуудад танилцуулсан байдаг. Түүнд орлого, зарлагаа хэзээ нөхөх, цаг хугацаа, судалгаа, санхүү эдийн засгийн бүх тооцоолол судалгаа туссан байгаа шүү дээ. Нэг ёсондоо бид нэг тэрбум ам.долларын алдагдсан боломжийг бий болгочхож байгаа юм. Хэнийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ "Смарт эко транс" компанийг зүтгүүлж, төрийн компанийг хойш нь тавьсан тэрхүү этгээд тэрбум ам.долларын алдагдсан боломж дээр хариуцлага хүлээх ёстой. Терминиал гэдэг бол гол багалзуур болчхоод байгаа байхгүй юу. Хүний биеэр болбол ходоодонд хоол боловсруулаад гардаг бол яг тэр хил дээр нь аваачаад багалзуурыг нь шахчихаар биднээс юу ч гарахгүй. Энд хэчнээн их нүүрс олборлоод юу ч гарахгүй. Тэгэхээр бидний алдагдсан боломж маш их. ЭТТ компани олборлогч компаниасаа илүү мөнгө олох ийм том логистикийн бүтээн байгуулалт байхгүй юу. Энэ чинь цаашид зөвхөн нүүрс ч биш. Өөр төрлийн эрдэс баялгуудыг гаргах онцгой объект болох байсан. Тэгэхээр алдагдсан боломж тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж бодож байна.
Нүүрсний хулгайгаар хамаг мөнгө хаана эргэлдээд байсан юм. Тэр 40 их наяд гээд байдаг асуудал чинь олборлогч компанитай холбоогүй. Хилээр бүгд бүргтгэлтэй гарч байгаа шүү дээ. Хилээр нэвтрүүлж байгаа дээр л бүх мөнгө яваад байна шүү дээ. Хилийн цаана 200 ам.доллар байдаг. Гэтэл аман дээрээсээ 60-80 ам.доллар. Тэгэхээр тэр дунд байгаа мөнгө хаачсан бэ гэдэг асуудал байхгүй юу. Түүнд нь Авто тээврийн газар, Сангийн яам, Боомтын захиргаа хяналтаа тавьж байна. Одоо тэгээд хариуцлага тооцъё гэхээр ганцхан Б.Ганхуягаа бариад хийчихсэн.Тэгсэн хэр нь 40 их наядын эзэн нь хаана байна гэхээр олддоггүй.
Би нүүрсний сонсголын үеэр Б.Ганхуягийг гаргаад яриулаач ээ гэж хэлж, Хууль зүйн сайд байсан Б.Энхбаяртай уулзах хүсэлт өгч байсан. Сүхбаатарын талбай дээр суулт ч хийж үзсэн. Тэгээд хэн ч тоогоогүй. Тухайн үед тэгээд би тэр үед би яагаад "Смарт эко транс"-тай холбоотой асуудлыг хэлж байсан. Гэхдээ тухайн үед Б.Энхбаяр сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын гишүүн байсан болохоор ч юм уу юм дугараагүй. Асуудлыг ноцтой авч үзээгүй. Гэтэл 4 жилийн дараа энэ асуудал гарж ирж байна шүү дээ. Одоо хамгийн гол нь энэ хүн бүрэн асуудлыг нь шийдээд, хариуцлага тооцох ёстой.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!